2022.11.09/: Теслагийн босс Илон Маск Тесла компанийн 19.5 сая хувьцааг 3.95 тэрбум ам.доллараар заржээ.
Теслагийн хувьцааны үнэ энэ он гарснаас хойш 50 гаруй хувиар унасан байгаа бөгөөд Тесла компани жолоодлоготой холбоотой асуудлаас болж АНУ-д байгаа 40,000 гаруй автомашиныг эргүүлэн татахаар болжээ.
Маск энэ оны дөрөвдүгээр сард Теслагийн 8.5 тэрбум долларын хувьцаа, наймдугаар сард дахин 7 тэрбум долларын үнэ бүхий хувьцаагаа зарсан байна.
Цахилгаан машин эргүүлэн татах тухайд
Тесла өчигдөр АНУ-д байгаа 40,000 гаруй автомашинаа жолооны хүрдний асуудлаас болж эргүүлэн татахаар болсноо зарлалаа.
Цахилгаан машин үйлдвэрлэгчийн хэлснээр тээврийн хэрэгслийн жолоодлогын туслах систем нь бартаат замд эсвэл нүхэнд цохиулсны дараа доголдож болзошгүй байгаа аж.
АНУ-ын Үндэсний хурдны замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба энэ нь жолоодлого, ялангуяа бага хурдтай үед ослын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж мэдэгдэв.
Тесла энэхүү алдааг засварлах боломжтой системийг дахин тохируулах программ хангамжийн шинэчлэлийг гаргасан байна. Одоогийн байдлаар үүсээд байгаа асуудлаас болж бэртэж гэмтсэн, нас барсан тохиолдол байхгүй байгаа аж.
Твиттерын ажлын байрны цомхотгол
Маск өнгөрсөн сард Twitter-ийн хяналтыг гартаа авснаас хойш тус компанийн нийт ажилчдын бараг 50 орчим хувийг цомхотгожээ.
Маск компани өдөрт 4 сая гаруй доллар алдаж байгаа тул компанийн ажилчдыг цомхотгохоос өөр сонголт байхгүй гэж твиттер хуудсандаа бичсэн байна.
Эх сурвалж: ВВС