/2022.11.02/: Хойд Солонгос өнөөдөр зүүн болон баруун эргээс олон төрлийн 10 пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яам мэдэгдэв.
Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо (JCS) хэлэхдээ, Хойд Солонгосын баллистик пуужин Солонгос хуваагдсанаас хойш анх удаагаа Өмнөд Солонгосын усан хилийн ойролцоо унасан явдал боллоо гэв.
Солонгосын хойгоос зүүн тийш 120 км зайд оршдог Өмнөд Солонгосын Улленгдо арлын иргэдийг агаарын довтолгооноос сэрэмжлүүлжээ. JCS-ийн мэдээлснээр ойрын тусгалтай нэг баллистик пуужин арлаас баруун хойд зүгт 167 км зайд олон улсын усан зайд унасан байна.
Өнөөдрийн пуужин хөөргөлт нь Хойд Солонгосын энэ жилд харваж байгаа 29 дэх тохиолдол бөгөөд АНУ, Өмнөд Солонгос өчигдрөөс "Соргог шуурга" нэртэй хамтарсан цэргийн сургуулилт хийж эхэлсний дараа болж байна.
АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, сургуулилтад хоёр орны 240 нисэх онгоц, олон мянган цэргийн алба хаагчид оролцож байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ли Жон Суптай пүрэв гарагт Пентагонд уулзахаар төлөвлөжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун дэлхийн мөргөлдөөн ширүүсч байгаа энэ үед улсынхаа зэвсгийг зориудаар харуулах замаар мессеж илгээж болзошгүй гэж шинжээчид өмнө нь CNN-д ярьж байсан.
НҮБ-ын цөмийн хяналтын албаны дарга өнгөрсөн долоо хоногт Пхеньян цөмийн туршилт хийхээр бэлтгэж магадгүй гэж анхааруулсны дараа хамгийн сүүлийн туршилтууд боллоо.
“Бид үүнийг маш анхааралтай ажиглаж байна. Бид ийм зүйл болохгүй гэж найдаж байна, гэвч харамсалтай нь шинж тэмдэг өөр тийшээ чиглэж байна” гэж Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Рафаэль Гросси өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдэв.
Японы хариу үйлдэл
Лхагва гарагт Японы Ерөнхий сайд Фумио Кишида сэтгүүлчдэд хэлэхдээ, Хойд Солонгос "урьд өмнө байгаагүй өндөр давтамжтай" пуужин харваж байна гэв.
Кишида мөн Солонгосын хойгт хурцадмал байдал үүссэнтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг аль болох хурдан зохион байгуулахыг уриалав.
Эх сурвалж: CNN