/2022.10.28/: Өнөөдөр буюу аравдугаар сарын 22-ны өдөр эмнэлгийн удирдлагууд Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлээрээ санхүүжиж эхэлснээс хойш гарсан өөрчлөлт, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Энэ жил Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн. Тэгвэл Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн хувьд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд 2022 онд 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаа болох тус бүр 30 сая хүртэлх төгрөг олгосон сайн мэдээтэй байна.
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн захирал Б.Хишигжаргал гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд хийж гүйцэтгэсэн ажлаа танилцууллаа. Тэрээр "2021 онд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд ажилчдадаа нэг тэрбум төгрөгийг анх удаа 13 дахь сарын цалин болгож хуваан олгосон. Мөн энэ жил 33 эмч, ажилтанд орон сууцны урьдчилгаа болгож, 30 сая хүртэлх төгрөгийг тус бүр олгосон. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийг банкуудтай гэрээ хийх замаар ипотекийн зургаан хувийн зээлд хамруулсан. Өөрөөр хэлбэл, дээрх 33 ажилтан өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр орон сууцанд орж байгаа.
Түүнчлэн манай эмнэлэг гүйцэтгэлийн санхүүжилтийн 1.3 тэрбум төгрөгөөр энэ онд дөрвөн томоохон тасаг, нэгж дээрээ их засварыг хийж байна. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хөрөнгө оруулалтад өөрийн дотоод нөөц бололцоогоор 2.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Өмнө нь багаж, тоног төхөөрөмж эвдэрсэн тохиолдолд Эрүүл мэндийн яам болон бусад газар руу мэдэгдэж, засна гэж бүтэн сарын хугацаа зарцуулдаг байсан бол одоо гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр бид засвар үйлчилгээгээ түргэн шуурхай хийгээд явж байна." гэлээ.
Эх сурвалж: ЭМЯ