/2022.10.27/: Ираны өмнөд хэсэгт орших Шираз хотын Шахчераг сүмд лхагва гарагт “террорист халдлага” болж, 15 хүн амиа алдаж, 40 хүн шархадсан гэж төрийн мэдлийн хэвлэлүүд болон Ираны албаны хүмүүс мэдээллээ.
Амиа алдагсдын дунд хоёр хүүхэд байсан гэж төрийн мэдлийн Press TV мэдээлэв.
Ираны аюулгүй байдлын албаныхан халдлага үйлдсэн сэжигтнүүдийн хоёрыг баривчилсан бөгөөд гурав дахь халдагчийг баривчлах ажиллагаа үргэлжилж байна.
Ираны аюулгүй байдлын дээд байгууллагатай холбоотой "Нур News" агентлагийн мэдээлснээр сэжигтнүүд гадаадын иргэд байжээ.
Халдлагын хариуцлагыг одоогоор хэн ч хүлээгээгүй байна.
Лхагва гарагийн орой бунхны хувьд хамгийн их хүнтэй цагуудын нэг бөгөөд халдлагыг нүдээр үзсэн гэрчүүдийн хэлснээр, халдагч этгээд сүмийн үүдэнд мөргөл үйлдэгчдийг онилохоос өмнө машинд сууж байсан байна.
Фарс мужийн захирагч хэлэхдээ, "террористууд эхлээд бунхны үйлчлэгч болон харуулыг онилсон бөгөөд чуулганы үдшийн залбиралд халдах санаатай байсан ч үйлчлэгч нарын нэг нь бунхны хаалгыг хаасан" гэж мужийн мэдээнээс иш татан дурджээ.
"Бунхны эмэгтэйчүүдийн хэсэгт чанга хашгирах чимээ сонсогдсон бөгөөд гэнэт бунхны хашаанд калашников автомат буугаар зэвсэглэсэн эр харагдсан" гэж төрийн хэвлэлд ярьжээ.
"Анх гал нээсний дараа халдлага үйлдэгч бунхан руу ойртож, хэргийн газарт байсан хүмүүс рүү олон удаа буудсан" гэж нүдээр үзсэн гэрч нэмж хэллээ.
Халдлага Иран даяар мөргөлдөөн гарсан өдөр болсон бөгөөд олон мянган хүн Курдистан мужийн Саккез хотын Махса Аминигийн оршуулгын газарт түүнийг нас барснаас хойш 40 хоногийг тэмдэглэхээр ирсэн байжээ. Халдлага эсэргүүцлийн жагсаалтай холбоотой эсэх нь тодорхойгүй байна.
Есдүгээр сарын 16-нд "ёс суртахууны цагдаа"-д саатуулагдан, "дахин хүмүүжүүлэх төвд" хүргэгдсэний дараа нас барсан 22 настай курд иран эмэгтэй амиа алдсаны дараа Исламын Бүгд Найрамдах Улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж байна.
Эх сурвалж: CNN