/2022.10.27/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Төсөв бол нийт эдийн засгийн 40 хувь. Нэлээд тэлж орж ирсэн. Ийм орон зайд мөнгөний бодлого явуулах ямар ч боломжгүй. Үүнийг Төв банкныхан дотроо ярьж байгаа ч гадагшаа гаргаж чадахгүй байгаад байгаа. 2023 оны хамгийн хүндрэлтэй зүйл бол төлбөрийн баланс гэдгийг УИХ-ын гишүүд анхаарах хэрэгтэй. Хэрэв бид бондуудаа төлж чадахгүй бол дефолт зарлана шүү. Энэ бол тодорхой.
Өнөөдөр нийт валютын нөөц 2,5 тэрбум доллар байгаа. Гэтэл ирэх жилийн төлөх дүн 1,3 тэрбум доллар. Үүн дээр Хятадын төв банкны своп хэлцэл 2,5 тэрбум доллар байгаа. Нөхцөл байдал маш хэцүү байна. Мөнгөний бодлогыг үр дүнтэй байлгах ганц нөхцөл нь төсвөө хумих. 20,5 их наядын төсвөөр мөнгөний бодлого, инфляцыг нэг оронтой тоонд барих ямар ч боломжгүй. Бодит байдал ийм байна. Цаашид энэ улс дефолт зарлахгүйгээр эдийн засгийн асуудлаа шийдье гэвэл төсвөө л танах хэрэгтэй. Үгүй бол улсаараа дампуурах юм шүү. Үүнийг зөвхөн би хэлээд байгаа юм биш. Олон улсын бүх байгууллага хэлж байна гэлээ.