/2022.10.27/: Өмнөд Солонгосын электроникийн аварга компани болох Самсунгийн гүйцэтгэх захирлаар ял эдэлж байсан өв залгамжлагч болох Ли Жэ Ёныг томиллоо.
Ингэснээр дэлхийн хамгийн том ухаалаг гар утас үйлдвэрлэгчийг үүсгэн байгуулагч гэр бүлийнх нь гурав дахь үеийнхэн албан ёсоор удирдах болно гэсэн үг юм.
2017 онд хээл хахууль авсан, хөрөнгө шамшигдуулсан хэргээр шийтгүүлсэн ноён Ли-д өнгөрсөн наймдугаар сард ерөнхийлөгч тусгай өршөөл үзүүлжээ.
Тэрбээр экс ерөнхийлөгчид авлига өгсөн хэргээр хоёр ч удаа шоронд орж байсан юм.
"Удирдах зөвлөл нь өнөөгийн дэлхийн бизнесийн орчин тодорхойгүй байгаа үед зөвлөмжийг батлахдаа илүү хариуцлагатай хандаж, бизнесийн тогтвортой байдлыг хангах зайлшгүй шаардлага байгааг дурдаж байна" гэж компанийн мэдэгдэлд дурджээ.
Өдгөө 54 настай тэрээр 2012 оноос хойш Өмнөд Солонгосын хамгийн том бизнесийн конгломерат болох Самсунг Электроникс компанийн дэд даргаар ажиллаж байна.
Өнгөрсөн оны наймдугаар сард ноён Ли Өмнөд Солонгосын шоронд 207 хоног хоригдсоны эцэст өршөөлөөр суллагдсан юм.
Тухайн үеийн Ерөнхийлөгч Мүн Жэ Инийн ажлын албанаас мэдэгдэл хийхдээ түүнийг суллах нь үндэсний эрх ашгийн үүднээс хийгдсэн гэж үзэж, харилцан ойлголцохыг хүссэн байна.
Тухайн үед тус улсын Хууль зүйн яам тахал өвчний Өмнөд Солонгосын эдийн засаг болон дэлхийн зах зээлд үзүүлэх нөлөөг харгалзан ноён Лиг суллах шийдвэр гаргасан гэж мэдэгджээ.
Жилийн дараа түүнийг шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёол өршөөсөн юм.
Энэ хэрэгт тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ холбогдсон бөгөөд тэрээр мөн авлига, хээл хахуулийн хэргээр шоронд хоригдож байсан юм.
Самсунг Электроникс компанийг ноён Лигийн өвөө үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр 2014 оноос хойш тус компанийн тэргүүнээр ажиллаж байна.
Эх сурвалж: ВВС