Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд тодорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд тодорлоо

/2022.10.27/: Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохиодог Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 28 дахь удаагийн уралдаант наадмын гала тоглолт өнөөдөр болж, шилдгүүдээ шалгарууллаа.

Энэ удаагийн наадмыг НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойд зориулан зохион байгуулсан юм.

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах наадам нь нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяас, чадварыг хөгжүүлэх зорилготой юм.

Хоёр үе шаттай зохион байгуулсан тус наадмын эхний шатанд есөн дүүргийн 82 сургуулийн 5000 орчим сурагч оролцон, авьяас билгээ сорьсон бол хоёрдугаар шатанд 20 сургуулийн найрал дууны баг буюу 2200 орчим сурагч тунан үлджээ. Ийнхүү хоёрдугаар шатнаас шалгарсан 15 хамтлагийн 1100 гаруй сурагч өнөөдөр найрал дууны хамтлагуудын нэгдсэн тоглолтод оролцлоо.

Цар тахлын улмаас хоёр жил завсардаад байсан Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах наадам энэ жилээс эхлэн шилжин явах цом, хүндэт далбаатай болсноороо онцлог юм. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн баг тэргүүн байранд шалгарч, анхны шилжин явах цом, хүндэт далбааны эзэн боллоо. Мөн найрал дууны наадамд сурагчдаа удирдан зохион байгуулж, идэвхтэй, манлайлалтай оролцсон 70 удирдаач багшид Нийслэлийн Засаг дарга талархал хүргүүлсэн юм.

Наадамд амжилттай оролцсон багш, сурагчид сэтгэгдлээ хуваалцлаа.

Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн хөгжмийн багш Д.Батбаатар:

-Манай сургууль найрал дууны наадамд 2010 оноос хойш тогтмол оролцож байгаа. 2018 онд гуравдугаар байр, 2019 онд хоёрдугаар байранд шалгарч байсан. Ийнхүү энэ жил Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 28 дахь наадамд оролцоод тэргүүн байранд шалгарлаа. Мөн Багшийн алдар, Шилдэг залуу багш зэрэг шагналуудыг хүртсэндээ маш их баяртай байна.

Манай хамтлагт дунд, ахлах ангийн хүүхдүүд байгаа. Сургуулийн удирдлагууд, эцэг эхчүүд маш сайн дэмждэг болохоор уралдаандаа сар гаруйн хугацаанд бэлдсэн. Жилээс жилд найрал дууны тэмцээн улам бүр өргөжин, цар хүрээгээ тэлж, сургуулиуд ч идэвхтэй оролцдог болсон байна. Энэ ташрамд, нийслэлийн нийт иргэддээ Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 383 жилийн ойн мэндийг 62 дугаар сургуулийн багш, ажилчид, сурагчдын өмнөөс хүргэж байна.

Тусгай байрын шагналт Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн сурагчид:

-28 дахь удаагийн найрал дууны наадамд хамтлагаараа оролцоод тусгай байранд шалгарлаа. Энэ удаа манай сургуулийн 6-12 дугаар ангийнхан нэг баг болж оролцсон бөгөөд зарим нь анх удаа, зарим нь хэд хэдэн удаа найрал дууны наадамд оролцож байсан. Бид найрал дуугаа хоёр сарын хугацаанд бэлдсэн. Зөвхөн дуулахдаа гол нь биш, сургуулийнхаа хүүхдүүд, ах эгч нартайгаа танилцаж, дотносоод, сайхан дурсамжууд бүтээж, багаар ажиллаж сурлаа.

Наадамд оролцсон багууд маш хүчтэй өрсөлдөгч байсан. Өрсөлдөгч нар хүчтэй байвал бид илүү хичээнэ шүү дээ. Тийм болохоор өрсөлдөгч нараасаа маш их урам авсан. Шагналт байранд шалгарна гэж бодоогүй байсан болохоор манай багийн нэрийг дуудахад маш их баярласан. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна.

“ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ” ШАЛГАРУУЛАХ 28 ДАХЬ УДААГИЙН УРАЛДААНТ НААДМЫН ШАГНАЛЫН ЭЗЭД

  • Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль
  • Дэд байранд Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургууль

  • Гутгаар байранд Сүхбаатар дүүргийн хоёрдугаар сургууль

  • Тусгай байранд:
  1. Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль
  2. Хан-Уул дүүргийн “Шинэ Монгол Харумофүжи” сургууль

“ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ” ШАЛГАРУУЛАХ 28 ДАХЬ УДААГИЙН УРАЛДААНТ НААДМЫН ШИЛДЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ СОЁЛЫН МЭРГЭЖИЛТЭН

  • Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Д.Занданшоо

“ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ” ШАЛГАРУУЛАХ 28 ДАХЬ УДААГИЙН УРАЛДААНТ НААДМЫН ШИЛДЭГ СУРГУУЛИЙН УДИРДЛАГА

  • Багахангай цогцолбор сургуулийн захирал Э.Соёмбобат

“ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ” ШАЛГАРУУЛАХ 28 ДАХЬ УДААГИЙН УРАЛДААНТ НААДМЫН ШИЛДЭГ УДИРДААЧ БАГШ

  • “Шинэ Монгол Харумофүжи” сургуулийн удирдаач багш

МОНГОЛЫН НАЙРАЛ ДУУНЫ УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ЭЗЭН

  • Налайх дүүргийн 119 дүгээр сургууль

МОНГОЛЫН УРЛАГИЙН АЖИЛТНЫ НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ЭЗЭН

  • Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль

МОНГОЛЫН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ЭЗЭН

  • Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн хөгжмийн багш Д.Батбаатар нар тус тус шалгарлаа.

Эх сурвалж: НЗДТГ

Өнөөдөр ялимгүй цастай, 5-7 хэмийн дулаан байна
Өнөөдөр ялимгүй цастай, 5-7 хэмийн дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.