/2022.10.26/ Замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой зөрчлийг баримтжуулж, "E-Police" аппликэйшнаар илгээсэн тохиолдолд торгуулийн мөнгөн дүнгийн 20 хувийг авах боломжтой.
Тодруулбал, иргэд "E-Police" гар утасны аппликэйшнаар нийт 15 зөрчлийг мэдээлэх боломжтой бөгөөд "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль"-ийн дагуу тодорхой хэмжээний урамшуулал авах юм. Ингэхдээ зөрчил гаргасан жолооч торгуулиа төлсний дараагаар иргэнд урамшууллын мөнгө орж ирэх ажээ.
Зарим жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэл зөрчих, уулзвар гарц хаах, явган хүний зам дээр зогсох зэргээр бусдын хөдөлгөөнд саад учруулдаг. Энэ нь зохиомол түгжрэл үүсгэн, хөдөлгөөний хэт их ачаалал үүсэх голлох шалтгааны нэг болж байна. Тиймээс зөрчлийг таслан зогсооход иргэдийн идэвх оролцоо чухал үүрэгтэй байгаа юм.
"E-Police" аппликэйшнаар дараах 15 зөрчлийг мэдээлэх боломжтой.
-
Түр болон удаан зогсохыг хориглосон газарт зогссон, тэмдэг тэмдэглэл зөрсөн
-
Явган хүний зам, хөвөө, зорчих хэсгийн гадна талаар явсан
-
Явган хүний зам, гарц, ногоон байгууламж дээр зогссон
-
Урсгал сөрсөн
-
Үргэлжилсэн цагаан шугам давж зүүн гар тийш эргэсэн, буцаж эргэсэн
-
Эгнээ, байр буруу эзэлсэн
-
Гэрлэн дохио зөрчсөн
-
Улсын дугаар арилсан, үзэгдэх байдал муудсан
-
Утаа ихээр ялгаруулсан /бүрэн бус/ зэрэг зөрчилтэй учирсан иргэд уг аппликейныг ашиглан гурав хүртэлх зургаар баримтжуулж мэдээлэх тохиргоотой.
-
Хамгаалах бүс хэрэглээгүй
-
Ачаа буруу тээвэрлэсэн
-
Жолоо барьж байх үедээ хөдөлгөөнт утас хэрэглэсэн
-
Замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчсөн
-
Автобусны зогсоол тэмдэгтэй газар зогссон
-
Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр байрлан явсан
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль.
34.2. Хуульд өөрөөр заагаагүй бол иргэний өгсөн мэдээллийн дагуу зөрчилд 200 хүртэл нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол иргэнд тухайн шийтгэлийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний, 200-аас дээш нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож болно.