/2022.10.26/: ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн бадминтоны холбооноос зохион байгуулсан дасгалжуулагчдын мэдлэг, чадварыг нэмэх үндэсний семинар Улаанбаатар хотноо долоо хоногийн турш үргэлжилж өндөрлөлөө.
Сургалт семинарыг Азийн бадминтоны холбооны хөгжил хариуцсан захирал, сургагч багш, Малайз улсын иргэн Самбентан Сиваперумал удирдан явуулсан бөгөөд 6 аймаг, 4 дүүрэг болон пара бадминтоны холбооны төлөөлөл болсон 24 дасгалжуулагч хамрагдав.
Онол, практик хосолсон сургалтын сүүлийн хоёр хоногт оролцогчдоос ур чадвар болон мэдлэгийн шалгалт авсан бөгөөд тэднээс хамгийн өндөр оноо авсан найман дасгалжуулагч олон улсад багшлах эрхийн лицензтэй болох юм.
Өмнө нь Монголын бадминтоны таван дасгалжуулагч олон улсад багшлах эрхийн лиценз авч байв.
Эх сурвалж: МҮОХ