/2022.10.20/ УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Улсын их хурлын гишүүн М.Оюунчимэг:
-Нийслэл, аймаг, сум гээд 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт 2023 оны төсөв дээр Эрчим хүчний сайдын багцад тусгагдаагүй, иргэдээс нэлээд шүүмжлэл дагуулж байна.
2022 оны судалгаанаас харахад нийслэлд 125 мянган айл өрх, аймаг орон нутгийн буюу 10 мянгаас дээш хүн амтай суурин газар 48 мянган айл өрх шөнийн эрчим хүчний тариф оройны 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл хамрагдаж байсан. Энэ олон мянган айл өрхийг эрчим хүчний хэмнэлттэй байх, яндангаа буулгаад утаа гарахгүй байх, нөгөө талаасаа өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа алйуудад маш том нэмэр болж байсан.
Гэтэл 2023 оны төсөвт үүнийг тусгаагүй байна. Хэмнэлт нэрээр хүн амынхаа 70 гаруй хувийн эрчим хүчний хөнгөлөлтийг цуцалж болохгүй.
Өнгөрсөн өдрүүдэд агаарын температур +12, +13 хэмийн дулаан байхад орой 18 цагаас хойш утаа хэдийн гараад ирчихсэн. Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллоос Зайсанд хүртэл үнэртээд эхэлсэн байна. Гэтэл одоо хүйтний эрч чангарах болж байхад эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг байхгүй болгочихвол юу болох вэ?
Өчигдөр Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 500 гаруй өрхтэй иргэдийн уулзалт хийсэн. Тэд "Одоо хэрэглэж байгаа түлшний чанар, үнэр 2018 онд хэрэглэж байсан түлшний чанар үнэрээс тэс өөр болчихоод байна. Энэ утаа бүр илүү болоод байна. Та бүхэн минь үүнд анхаарал хандуулаач ээ хэмээн ярьсан" . Нөгөө талаасаа иргэд өөрсдөө санаачилга гаргаад өөрсдийн хөрөнгөөр шалаа дулаалаад, халаагуур аваад, хашаандаа сайхан амьдрах нөхцлөө бүрдүүлчихсэн. Гэтэл үүнийг бид дэмжээд явах ёстой байтал иргэдийнхээ нуруун дээр дарамт учруулах хэмнэлт байж болохгүй.