/2022.10.19/ Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хүний эрхийн тэмцэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэдэг ИНДЭР булангийн энэ удаагийн дугаартаа дараах байгууллагыг танилцуулж байна.
Энэ бол "Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд" Төрийн бус байгууллага.
Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд ТББ нь дараах зорилгын төлөө ажилладаг ашгийн төлөө бус иргэний нийгмийн байгууллага юм. Үүнд:
- Хүний эрх, эрх чөлөө;
- Жендэрийн шударга ёс;
- Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх соёлыг түгээн дэлгэрүүлэх.
Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд ТББ нь 2010 оны аравдугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагджээ. Анх дөрвөн үүсгэн байгуулагчийн санаачлагаар байгуулагдсан. Өнөөг хүртэл хугацаанд:
- Нийгмийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлэл, идэвх санаачлага дүүрэн 100 орчим гишүүд;
- Мэдлэг, чадвартай залуу хүний нөөц бүхий ажлын алба;
- Байгууллагад стратегийн чиглэмж өгөх, хянах үүрэгтэй Удирдах зөвлөл;
- Дэмжигч, түншлэгч байгууллагууд;
- Алсын хараа, эрхэм зорилгынхоо хүрээнд хэрэгжүүлсэн, бүтээсэн ажлын урт жагсаалт;
- Цахим орчин дахь мянга мянган дэмжигч бүхий мэдээлэл түгээх, олон нийттэй харилцах албан ёсны хуудсууд (сувгууд) бүхий иргэний нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, залуучуудын тэр дундаа залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой байгууллага болон хөгжсөн байна.
АЛСЫН ХАРАА
Хүн бүр аливаа ялгаварлалгүйгээр хүний эрхээ эдлэх тэгш боломж, чадавхаар хангагдсан нийгэм.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүний эрх, жендэрийн шударга ёсны төлөөх нийгмийн өөрчлөлтөд эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолой болох, тэдний чадавхжих, хамтран хөгжих, тэмцэх үржил шимт хөрс болж, хүрээгээ тэлэх.
ИТГЭЛ ҮНЭМШИЛ
- Хүн бүр үндэс, угсаа, нас, хүйс, бэлгийн чиг баримжаа, нийгмийн гарал, байдал, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, эдийн засгийн байдлаас үл хамааран эрхэм чанар, тэгш эрхтэй гэдэгт;
- Жендэрийн шударга ёс бүхий патриархатаас ангид тогтолцоо нь хүн бүр өөрийгөө бүтээх, хөгжихөд ээлтэй гэдэгт;
- Эмэгтэйчүүд, залуучуудын хөгжил, тэдний утга учиртай оролцоо нь хамт олон, орон нутаг цаашлаад улс орны хөгжилд оруулж буй чухал хувь нэмэр гэдэгт;
- Боловсрол, мэдээлэл нь хөгжлийн хөдөлгөгч хүч гэдэгт БИД итгэдэг.
БИДНИЙ ЗАРЧИМ
Бидний бүх үйл ажиллагаа дараах зарчимд үндэслэнэ:
- Сайн дурын, олон талт, тэгш оролцоонд түшиглэсэн;
- Харилцан итгэлцэл, хүндлэлийг эрхэмлэсэн;
- Ил тод, нээлттэй, хариуцлагатай;
- Хүчирхийллээс ангид, хүлээцтэй, аливаа улс төрийн нам хүчин болон бусад байгууллагаас хараат бус байх.
Бид үндэсний, бүсийн, олон улсын, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс зэрэг бүх талтай үнэт зүйл, зорилгынхоо хүрээнд үр нөлөөтэй, тэгш харилцан хамтран ажиллахад нээлттэй байна.
ОНЦЛОХ ТӨСЛҮҮД
Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд төрийн бус байгууллага нь өнөөдрийг хүртэл олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласан бөгөөд, дараах төслүүдийг онцлон, товч дурдаж байна.
Жендэрийн ялгаварлан гадуурхалт, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд:
- Үтрээний хүүрнэл 2011-2013 Дэлхий дахины VDay аяны хүрээнд дэлхийн онцог булан бүрт ЖСХ-ийн эсрэг тэмцэл болгон голцуу эмэгтэйчүүдийн бүлгүүд тоглоог сайн дурын жүжигчид бүхий жүжиг
- Миний богино юбка 2013 - гудамжний халдлага, дарамтын эсрэг тайван жагсаал
- Шөнийг гэрэлтүүлье 2014- иргэд тэр дундаа охин, эмэгтэйчүүдийн гэртээ харих зам аюулгүй болгохыг шаардан нөлөөлсөн Толгойтын нэгэн харанхуй гудамжинд хийсэн тайван жагсаал
- Хаалганы цаана- ГБХТХ-ийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулахын төлөө хийсэн олон нийтийн нөлөөллийн ажил
Эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх, манлайллын чадавхыг бэхжүүлэх чиглэлд:
- Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын хөтөлбөр 2005-2022
- "Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой" Орон нутгийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр 2017-2019
- "Сайхан бие" гэрэл зургийн үзэсгэлэн 2014, 2016 Эмэгтэйчүүдийн бие галбирын гоо сайханд төгс гэх ойлголт байхгүй бөгөөд маш олон янз байдаг гэдгийг харуулсан, эмэгтэй бүр өөрийн биендээ сэтгэл хангалуун улмаар өөртөө итгэлтэй байхад нь санаа сэдэл өгөх зорилготой.
Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд:
- Иргэний нийгмийн сонгуулийн ажиглалт 2012, 2016, 2017, 2020 - иргэний нийгмийн сайн дурын 200 ажиглагч залуусыг чадавхжуулан сонгуулийн өдөр ажиглалт хийх төслийг манлайлан ажилласан.
- Залуучууд төсөвт 2020, 2021 - Төсвийн оролцоогоор дамжуулан залуучууд иргэний оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн шийдвэр гаргалтад иргэдийн дуу хоолойг нэмэгдүүлэх, иргэний хяналтыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой төсөл
Эх сурвалж: "Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд" ТББ