/2022.10.17/: Украины зүүн хэсгийн Изиум хотын Першотравневад байрлах орон сууцны хороололд бөмбөгдөлтөөс болж 54 хүн амиа алдсан нь тус байрны оршин суугчдын бараг тал хувь нь байжээ.
Халдлагад Яцентик, Кравченко, Столпакова зэрэг хүмүүсийн гэр бүл амь үрэгджээ.
Хэдхэн долоо хоногийн өмнө Украины цэргүүд Оросын эзлэн түрэмгийллийн дараа Изиум хотыг эргүүлэн авч, хотын захад иргэдийг бөөнөөр нь оршуулсан газар ил болох хүртэл тэдэнтэй юу тохиолдсон нь тодорхойгүй хэвээр байв.
2-р Першотравневагийн оршин суугчдын ихэнхийг тэнд оршуулсан байсан бөгөөд 400 гаруй булшнуудын ихэнх нь модон загалмай дээрх хэдэн ширхэг тооноос өөр таних тэмдэггүй байжээ.
CNN тус хотоос амьд үлдэгсэд, оршин суугчид, амиа алдагдсадын гэр бүлийн гишүүдтэй ярилцаж, халдлагын дараа болон хотыг чөлөөлсний дараа авсан гэрэл зураг, видео бичлэгийг нягталсны үндсэн дээр энэхүү түүхийг нийтэлсэн байна.
"Би хашгирч эхлэв ... Хэн ч хариулсангүй"
Изиумыг чөлөөлсний дараа Украины парламентын Хүний эрхийн комиссар Дмитрий Любинец балгасуудын өмнө зогсоод, "Оросын энд Украины иргэдэд геноцид үйлдсэн" гэж мэдэгдэв.
Агаарын довтолгооны дараа Оросын цэргүүд голын цаанаас буудаж, танкаар барилга руу дайрсан гэж нутгийн оршин суугчид ярьж байна.
Утаа арилах үед хана, шал, тааз цуурч тэнд амьдарч байсан хүмүүсийн гэрийн хананууд нурсан байжээ. Дайралтаас хоргодож байсан хүмүүсийн ихэнх нь хоргодож байсан газраа амиа алдсан гэв.
Яцентик тэр өдөр гэр бүлийн долоон гишүүнээ алджээ - түүний эхнэр Наталья, авга эгч Зинаида, охин Ольга Кравченко, түүний нөхөр Виталий Кравченко, 15 настай хүү Дима, 10 настай Алексей, 3 настай.
Тэрээр "Би Оля, Наташа, Виталий гэж хашгирч эхлэв ... Хэн ч хариулсангүй. Дээш гараад юу болсныг хараад би суугаад уйлж, хашгирч эхэлсэн." гэв.
"Хүмүүс гэр бүлээрээ амиа алдсан нь ойлгомжтой болсон"
Дайны өмнөхөн 40,000 гаруй хүн амтай байсан Изиум бол бага сургуулийн ангийнхан насан туршдаа найзалж, гэр бүлээрээ нэг байранд үе дамжин амьдардаг жижигхэн хот юм.
Тэдний нэг болох Анастасия Водорез, Елена (Лена) Столпакова нар хамтдаа энэ хотод өсөн торнижээ.
Водорез Столпакова нарыг эргэн тойрныхон нь "маш аз жаргалтай" гэр бүл гэж тодорхойлдог байна. Тэрээр Чехээс CNN-д өгсөн ярилцлагадаа "Бид найзуудаараа үргэлж өөрсдийнхөө байранд цуглардаг байсан, бид тэнд маш их хөгжилддөг байлаа" гэжээ.
Оросууд Украин руу довтолж эхлэхэд найзууд нь Ленаг Изиумаас гарахыг шаардсан боловч түүний аав Александр Першотравнева гэрээсээ гарахаас татгалзсан байна.
Халдлагад өртсөн байшинг сэргээх ажил гуравдугаар сарын сүүлээр эхэлсэн; Эхний цогцсыг халдлагын дараа сар хүрэхгүй хугацаанд нурангиас гаргаж авсан байна. "Тэр үед хүмүүс гэр бүлээрээ амиа алдсан нь ойлгомжтой болсон" гэж Першотравневагийн өөр нэг оршин суугч болох Тетьяна Привалыхина хэлэв.
Тэдний тэсрэх бөмбөгөөс хоргодох газар болгон ашиглаж байсан подвалын оронд одоо бөмбөгдөлтийн тогоо бий болжээ.
Орон нутгийн аврах албаныхан Оросын армийн удирдлага дор ажиллаж, цогцоснуудыг олж, булсан байна. Привалыхинагийн эгч Виктория ээжийгээ олох гэж өдөр бүр явдаг байжээ. "Цогцоснууд танигдахын аргагүй байсан. Тэд цогцоснуудын толгой, гар, хөлийг тусад нь авч явсан" гэж Привалыхина эгчийнхээ ярьсныг дурсав.
Столпаковагийн гэр бүлийг тавдугаар сард эцэст нь олжээ. "Бүхэл бүтэн гэр бүл подвалд байсан: Лена, түүний нөхөр Дима, тэдний хоёр охин [Олеся, Саша], Ленагийн эцэг эх Александр (Саша), Таня, Ленагийн дүү Маша, мөн Ленагийн эмээ Люда байсан" гэж Водорез хэлэв. Тэдний гэр бүлээс амьд үлдсэн цорын ганц гишүүн нь Ленагийн нөгөө эмээ Галиа байсан бөгөөд тэрээр хотын нөгөө талд амьдардаг байв.
Тэр орон сууцны байшинд нас барсан хүмүүсийн 12-оос бусдыг нь хотын ойролцоох нарсан ойд бөөнөөр нь оршуулсан гэж Яцентик мэдэгдэв.
"Байшин үргэлж хүүхдүүдийн инээдээр дүүрэн байж, тоглоомын талбай дээрээс хүүхдүүд салдаггүй байсан" гэж Привалыхина хуучин үеээ санан ярьсан байна.
Тэрээр охиныхоо хамт агаарын цохилтоос ердөө тав хоногийн өмнө Изиумаас гарч амжжээ. Түүний ээж болох Петрова нь 30 гаруй жилийг өнгөрүүлсэн өөрийн гэрээсээ явахыг хүсээгүй байна. Харамсалтай нь тэрээр хамгийн сүүлд олдсон цогцоснуудын нэг гэдэг нь батлагдсан байна.
"Би зүгээр л зогсоод залбирсан"
Яцентик дөрөвдүгээр сард бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан гэр бүлээ оршуулсныхаа дараа Изиумыг орхисон боловч түүнээс хойш хүмүүнлэгийн ажлаар ирсэн байна. Украйнчууд одоо хяналтаа эргүүлэн авсан ч хотод цахилгаан эрчим хүчгүй хэвээр байгаа бөгөөд тэндхийн хүмүүс хоол хүнс, эм тариа зэрэг наад захын хангамжаар дутагдаж байна.
Тэрээр есдүгээр сарын 30-нд 2 Першотравневад буцаж очсон байна. Барилгыг харахад нурангийг цэвэрлэж дууссан бөгөөд амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан цэцгийн мандал л үлдсэн байв.
Эх сурвалж: CNN