/2024.04.29/: Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын дөрөвдүгээрт ордог байна. Дэлхийд жил бүр 300 мянга гаруй эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрын улмаас нас бардаг.
Умай нь их бие, ёроол, хүзүү гэсэн хэсгээс бүрддэг ба үтрээтэй холбогдож буй хэсгийг умайн хүзүү гэдэг. Энэ хүзүү хэсэгт үүссэн хортой хавдрыг умайн хүзүүний хорт хавдар гэдэг. Умайн хүзүүний хорт хавдар үүсэх гол шалтгааны нэг нь папиллом вирус бөгөөд бэлгийн замаар халдварладаг. Хорт хавдартай өвчтөний 90 гаруй хувь нь папиллом вирусыг авсан байдаг байна. Бид энэ удаагийн ярилцлагын буландаа Хавдар судлалын үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн их эмч Г.Ням-Одыг урьж, Умайн хүзүүний хорт хавдар, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Умайн хүзүүний хорт хавдар өнөөдрийн байдлаар ямар түвшинд байна вэ. Таны хувьд хэчнээн хүнд энэ өвчний эмчилгээ хийж байна вэ?
-Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр гаргадаг судалгаанд умайн хүзүүний хавдар 2020 онд 480 тохиолдол, 2021 онд 312 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Сүүлийн 10 жил буюу 2012 оноос хойш дунджаар жилд 400 эмэгтэй буюу өдөр нэг хүн умайн хүзүүний хавдар гэдэг оношоор оношлогдож байна гэсэн үг. Тэдгээрийн 60 орчим хувь нь хожуу үе буюу мэс засал хийх боломж аль хэзээ өнгөрчихсөн шатандаа оношлогддог. Тэр хүнд туяа болон хими эмчилгээ эсвэл хөнгөвчлөх эмчилгээ хийх л боломж байдаг. Үлдсэн 40 орчим хувь нь эрт үедээ оношлогдоод хагалгаа хийдэг. Нас баралтын хувь жилд 150-160 орчим эмэгтэй умайн хүзүүн хортой хавдар гэдэг оношоор нас барж байна.
Гэхдээ умайн хүзүүн хорт хавдар шууд эцсийн үе шатандаа ордоггүй. Урьдал гэдэг үе шатыг дамждаг. Энэ нь эсийн үе шатанд хавдар болж байгаа үе шатыг хэлдэг. Гурван үе шаттай. CI1 CI2 CI3 буюу хөнгөн, дунд, хүнд зэрэг гэсэн шатуудтай. Энэ үе шатанд оношлогдвол мэс засал хийгээд, тухайн өвчтөнг хянаад 100 хувь эдгэрэх боломжтой. Энэ гурван үе шатыг дамжсаны дараа "Умайн хүзүүний хортой хавдар" гэж оношлогддог. Тэгэхээр энэ урьдал гэдэг өвчин маш их байна гэсэн үг.
-Хавдар үүсгэгч шалтгаан, нөхцөл нь юу байдаг вэ. Хавдар үүсгэгч вирус илэрвэл ямар арга хэмжээ авдаг вэ. Вирус устдаг уу?
-1980-аад оны үеэс умайн хүзүүний хавдар юунаас үүсч байна гэдгийг дэлхий дахинд судалж эхэлсэн. 1983 онд умайн хүзүүний хавдар үүсгэхэд хүнйи хөхөнцөр вирус байдаг юм байна. "Harald zur Hausen" гэх Германы эрдэмтэн "Вирус хавдар үүсгэхэд оролцож байна" гэсэн судалгааны ажил гаргаад 2006 онд энэ хавдрыг үүсгэхэд хүний хөхөнцөр вирус буюу папиллома вирус чухал үүрэгтэй гэдгийг 99.7 хувиар баталсан. Үүнийхээ эсрэг 2008 онд тус вирусын эсрэг вакциныг гарган авч, Нобелийн шагнал хүртсэн байдаг.
Мөн хавдар үүсгэдэг тодорхой хэмжээний эрсдлүүд бий. Бэлгийн замын халдварт өвчнүүдээр өвчлөх нь өвдөх эрсдэл болдог. Хоёрдугаарт, дархлаа сул байх.
Гуравдугаарт, умайн хүзүүнд мэс ажилбар хийснээр гэмтэл учруулснаар вирус дамжих шалтгаан болдог. Мөн жирэмснээс хамгаалах дааврын эмийг удаан хугацаагаар буюу зургаа болон түүнээс дээш жил хэрэглэх зэрэг болдог. Гэхдээ эдгээр нь маш бага хувийг эзэлдэг.
Хавдар үүсгэх үндсэн шалтгаан буюу 99.7 хувь нь хүний хөхөнцөр вирус буюу папиллома вирус юм. Энэ вирус бэлгийн замаар халдварладаг. Бэлгийн олон хавьтагчтай байх, хавьтагч нь өөрөө цаанаа олон бэлгийн хавьтагчтай байх нь умай хүзүүний хорт хавдар үүсгэх том шалтгаан болоод байна.
Бэлгийн хавьтлын үед эмэгтэй хүн эрэгтэйгээсээ, эрэгтэй хүн эмэгтэйгээсээ авдаг гэсэн үг. Эмэгтэй хүнд умайн хүзүү байдаг болохоор хавдар үүсгэдэг. Харин эрчүүд тээгч байдаг. Эрчүүдэд бас бэлгийн зан үйлээсээ хамаараад хавдар үүсэх эрсдэл бий. Энэ нь ам залгиур, шулуун гэдэс, эр бэлэг эрхтний хортой хавдар үүсэх эрсдэл 20-70 хувьтай байдаг. Эмэгтэйчүүдэд ч гэсэн умайн хүзүүн хавдраас гадна үтрээ, бэлгийн их, бага уруул, ам залгиур, шулуун гэдэсний хавдар үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
Гэхдээ вирусын хавдар авсан эмэгтэй бүрд хавдар үүсэхгүй.10 эмэгтэйн наймд нь вирусын халдвартай байлаа гэж үзэхэд бүгд хавдар үүсэхгүй. Тухайн хүний биеийн эсэргүүцэл, дархлаанаас шалтгаалж 80-90 нь тодорхой хугацааны дараа өөрөө устаж алга болдог. Үлдсэн 15-18 хувьд нь умайн хүзүүний урьдал өвчин. 1-5 хувьд нь умайн хүзүүний хортой хавдар үүсгэдэг.
Дэлхий дахинд ойролцоогоор 150 орчим төрлийн вирус байна гэж үздэг. Үүний 30 орчим төрөл нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг.
-Умайн хүзүүний хорт хавдар тусаад эдгэсэн эмэгтэй хүүхэд төрүүлж болох уу?
-Умайн хорт хавдар 2В гэдэг үе шатнаас хойш хожуу үедээ ордог. Энэ тохиолдолд хагалгаа хийх боломжгүй болсон байдаг бөгөөд хими туяан эмчилгээ хийдэг. Манайхан шарлага гэж нэрлэдэг. Шарлага хийснээр умай, өндгөвч зэрэг нь шарагдчихдаг. Тэгэхээр тухайн эмэгтэй өөрөөрөө төрөх ямарч боломжгүй болдог. Гэхдээ зарим тохиолдолд эмэгтэйчүүд туяа шарлага хийхээс өмнө үр шилжүүлэн суулгах эмнэлэгт хандаж өндгөн эс авч нөхрийн эр бэлгийн эстэй нийлүүлж, тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болох боломжтой.
Эсвэл өндгөвчөө сойлгох гэж байдаг. Хавдрын хожуу үе гэж оношлогдоод хүүхэдтэй болох хүсэлтэй байвал дурангийн аргаар өндгөвчийг нь дээш нь бөөрний түвшинд сойдог. Ингээд аарцаг нуруу руу нь хими туяа шарж, шарлага хийнэ. Ингэснээр өндгөвч шарагдахгүй. Харин умай шарагдаж хүүхэд тээх боломжгүй болох ч өндгөвчний үйл ажиллагаа хэвийн тул өндгөн эс авч, ТЭЭГЧ ЭХИЙН ТУСЛАМЖТАЙГААР хүүхэдтэй болох боломжтой.
-Умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ оношилгоог хэрхэн өгөх вэ?
-Эмнэлэг гурван шатлалтай. Эхний шатлал нь Өрхийн эрүүл мэндийн төв. Үндэсний хөтөлбөрт тухайн амьдарч байгаа өрх, Улаанбаатарт бол дүүргийн өрхийн эмнэлэг, аймаг, сумын өрхийн эмнэлэгт үнэгүй хамрагдана. Өрх дээр авсан эсийн шинжилгээ өөрчлөлттэй гарвал сумынх аймаг руугаа, аймаг нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүд рүү, Улаанбаатарт өрхөд өгсөн эсийн шинжилгээнд өөрчлөлт гарсан бол дүүргийнхээ нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүд рүү явна гэсэн үг. Аймаг болон дүүргийн эмэгтэйчүүдийн эмч нь тухайн эсийн шинжилгээг үндэслээд дахиж авах уу, шаардлагатай бол ХСҮТ руу явуулна. ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн хавдар судлаач эмч үзээд тухайн эмэгтэйд дурангийн шинжилгээ хийгээд дараагийн арга хэмжээг авна.
Умайн хүзүүн хавдраар 30-аас доош насныхан ч өвчилж байна. Манайх гурав дахь шатлалын эмнэлэг болохоор эсийн шинжилгээ өөрчлөлттэй гарсан хүнд үнэлэлт дүгнэлт өгөх, мэс заслын асуудлыг шийднэ. Манай эмнэлэгт жилд 200 орчим эмэгтэй умайн хүзүүн хортой хавдрын мэс засалд ордог. Үүний 40-50 нь 30 доош насныхан хорт хавдрын урьтал эмгэгээр эсвэл хорт хавдрын мэс засалд орж байна. Хоёрдугаарт, эрт илрүүлгийн үндэсний хөтөлбөрт бусад оронтой адилхан хүний хөхөнцөр вирусийг үздэг тестийг оруулах хэрэгтэй. Энэ тест өндөр өртөгтэй. Гадуур 120 мянгаар хийдэг. Нийгэм өөрчлөгдөж байна. Нөхөн үржихүй, бэлгийн харилцааны нас залуужлаа. 2019 онд ХСҮТ-д бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байгаа эмэгтэйчүүдийн 30 орчим хувь нь 19-өөс доош насны охид байна.
-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хоёр урьдчилан сэргийлэлт бий. Нэгдүгээрт, анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэж. Анхдагч урьдчилан сэргийлэлт нь хавдар үүсгэж байгаа хүний хөхөнцөр вирус бэлгийн замаар дамжиж байгаа учраас бэлгийн зан үйлийн өөрчлөлт буюу нэг бэлгийн хавьтагчтай байх. Хэрэв олон хавьтагчтай байх, нөгөөдөх нь цаанаа өөр олон хавьтагчтай байвал хүний хөхөнцөр вирусийн халдвар авах эрсдэл нэмэгдэнэ. Хоёрдугаарт, тохиолдлын бэлгийн харилцаа байгаа үед бэлгэвч хэрэглэхийг зөвлөдөг. Мөн хүний хөхөнцөр вирусийн вакцин. 2020 оны байдлаар дэлхийн 122 оронд хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг 9-14 насны охидод хийж байна. Вакцин нь 90 гаруй хувьтай хамгаалдаг гэж үздэг. Өндөр хөгжилтэй зарим оронд хөвгүүддээ хийж байгаа. Манай улсын хувьд 2019 онд МУЗГ-аас 1000 тун вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албан дээр хүлээлгэж өгсөн байдаг. Хоёр болон гурван тунгаар 9-13 насны бэлгийн харьцаанд ороогүй охидод сайн дурын үндсэн дээр 1-6 сарын зайтай хийдэг. Үнэ нь 20 мянган төгрөг. Харьцангуй хямд үнэтэй хийж байгаа. Гадны орнуудад иргэд нь өөрсдөө 200-300 доллароор хийлгэдэг. Манай орны хувьд Засгийн газар худалдаад авчихсан учир харьцангуй хямд хийж байгаа.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.