/2022.10.14/ Бизнесмэн Деннис Тито болон түүний эхнэр Акико нар Элон Маскийн SpaceX компаниас зарласан сансрын гуравдахь аяллын тасалбарыг худалдан авснаа мэдэгдлээ.
Өдгөө 82 настай Тито нь 2001 онд оросуудтай хамтран олон улсын сансрын станц руу ниссэн анхны сансрын жуулчин гэдгээрээ алдартай.
Тэрээр SpaceX компанийн Starship хөлгөөр сар руу аялж ирэх долоо хоногийн аяллын 2 тасалбар ийнхүү худалдан авснаа Лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр зарлалаа. Деннис Тито "Анх сансарт аялж ирснээсээ хойш л сар луу аялахыг мөрөөдөж ирсэн" гэжээ.
Түүний эхнэр Акико нь 57 настай, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулагч, нисгэгч мэргэжилтэй хүн бөгөөд Деннис Титотой 2020 онд гэр бүл болсон аж. Энэ аялалд гарснаар тэд сар руу аялсан анхны дурлалт хос болох нь ээ.
Сар руу аялахаар зарласан SpaceX компанийн өмнөх хоёр нислэгийг Америкийн тэрбумтан Жэред Айзээкман болон Японы тэрбумтан Юсаку Маэзава нар бүхэлд нь худалдан аваад байсан бол Тито, Акико хоёр бүтэн нислэг бус хоёр суудлын тасалбар худалдан авч байгаагаараа ялгаатай юм. Тэгэхээр 3 дахь нислэгт ахиад 10 суудал сул байгаа гэсэн юм.
Тито нислэгийн тасалбарыг ямар үнээр худалдан авснаа олонд зарлаагүй бөгөөд түүний аяллын талаарх мэдээг баталгаажуулсан SpaceX компанийн блог мэдээнд ч энэ талаар дурдаагүй.
SpaceX компанийн Starship пуужингийн баг болон ачаа тээврийн хөтөлбөр хариуцсан захирал Аарти Мэтьюсийн мэдэгдсэнээр:
Титогийн нислэг дэлхийгээс сар хүртэл нисэхэд 3 хоног зарцуулж, сарны гадаргуу дээр 200 км орчим аялаад, буцаж эх дэлхий рүүгээ нисэх хөтөлбөртэй байгаа гэжээ. Мөн тэрээр “Энэ удаагийн аяллын гол онцлог нь бид сансарт аялах суудлын тасалбарыг тус тусад нь борлуулснаараа сансрын зорчигч тээврийн компани болох эхний алхамаа хийж байна” гэсэн байна. Гэхдээ одоогоор аяллын товыг зарлаагүй бөгөөд хэдэн жилийн дараа ч байж магадгүй аж.
Мөн SpaceX компани юун түрүүнд Starship хөлгөө сансарт гаргаж, дэлхийн тойрог замд оруулах, түүний дараа NASA-гийн нисгэгчийг саран дээр хүргэх, Starlink хиймэл дагуулууд хөөргөх ажлаа эрчимжүүлэх гээд маш олон ажлыг амжуулах шаардлагатай байгаа юм. Энэ бүхний дараа сар луу аялах арилжааны хөтөлбөр эхэлсэн ч Титогийн аялал 3 дугаарт бичигдэж байгааг онцлон дурдах нь зүйтэй.
Гэхдээ Тито ч нөхцөл байдлыг сайн ойлгож байгаа тул сар луу хийгдэх аялал нь юу юугүй ойрын хугацаанд явагдана гэсэн бодолгүй байгаа гэнэ. Хэвлэлийн хурал дээр тэрээр SpaceX компани түүнийг эхнэртэй нь сар руу аялуулахаасаа өмнө Starship хөлгөөр хэдэн зуун удаагийн хөөрөлт, туршилт хийх байх гэсэн хүлээлттэй байгаагааг мэдэгдсэн юм.
SpaceX амжуулах маш олон даалгавартай байгаа ч гэсэн Тито тэднийг тэвчээртэй хүлээхэд бэлэн байгаа бөгөөд 1972 онд байгуулсан Wilshire Associates хөрөнгө оруулалтын компаниа 2 жилийн өмнө зарж, бизнесийн ертөнцөөс тэтгэвэрт гарснаасаа хойш “ямар нэг хийх юм хайсаар байгаа, мөн SpaceX компанийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж, YouTube сувгийг нь 5 жил дагаж, өдөр алгасахгүй шинэ мэдээллийг нь чих тавин чагнаж суугаа тул надад боломж байгаа гэж үзэж байна” гэжээ.