/2022.10.13/: УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улс дефолт зарлах уу сэдвээр сэтгүүлчдийн дунд өнөөдөр зангиагүй уулзалт хийлээ.
Энэ үеэр тэрбээр төсөв болон халамжаа танах хэрэгтэй. Ажил хийдэг хүнгүй болчихлоо хэмээн онцолсон юм.
Мөн "Хайр зарлаад алга ташуулсаар байгаад эдийн засгаа элгээр нь хэвтүүлж байгаа Венесуэлийн жишээ байна. Тийм учраас дефолт болох эрсдэл байна. Яагаад гэвэл бид ирэх жил их хэмжээний төлбөр төлнө. Мөнгө нь байхгүй. Зөвхөн бондуудын эргэн төлөлтөөс гадна бид шатахуунаа авна, импортоо санхүүжүүлнэ гээд маш хүнд нөхцөл байдалд орчихлоо. Долоо хоногийн өмнө Монголын бондууд уначихсан. Монголын Засгийн газрын бондыг хоёрдогч зах зээл дээр авах хүн байхгүй байна. Ялах нь л чухал бусад нь хамаагүй гэсэн 30 жилийн уралдаанаа одоо зогсоо. Монголчууд тэр аяараа ялагдаад байна. Дэлхийд хямрал 12 жилийн зайтай явдаг байхад Монголд дөрөв, таван жилийн зайтай явж байна. 20.5 их наяд төгрөгийн төсвөөс таван их наяд нь хөрөнгийн зардал гэж байгаа. Үүнээс 3.6 их наяд нь хөрөнгө оруулалтын зардал.
30 жил иргэдээ халамжиллаа. Сүүлийн хоёр жил ковид гээд бүх юмыг нь даалаа. Одоо ажил хийх хүнгүй боллоо. Тэрнээс уршигтай зүйл нь эдийн засаг элгээрээ мөлхөө.
Мөн хүүхдийн мөнгөний асуудал байна. Хүүхдийн мөнгө бол халамж биш хөрөнгө оруулалт гэж нэг хэсэг нь уянгалаад, нөгөө хэсэг нь байгалийн баялгийн хуваарилалт гээд буруу тийш авч яваа. Хүүхдийн мөнгөний эх үүсвэргүй байж байгаад Ирээдүйн өв сан гэдэг Монгол Улсын хуримтлал руу ирээдүйн монгол хүүхдэд зориулсан мөнгөнийхөө эх үүсвэрийг авч ирээд мөнгөө өгчихсөн чинь баялгийн тэгш хуваарилалт гээд буруу ойлгочихсон. Бид ирээдүйн хадгаламж руу гар дүрэх хэрэггүй байсан юм.
Хүүхдийн мөнгийг орлого багатай иргэдэд өгөөд, орлого их иргэдэд өгөх нь буруу. Зайсанд байдаг дарга нарын хүүхдүүдийн мөнгийг төлөх нь шударга юм уу. Орлого өндөр хүмүүсийг хүүхдийн мөнгө битгий аваач гэж уриалж байна. Дундаж давхарга шүдээ зууя. Үндсэндээ төсвөө тана, халамжаа тана. Ажил хийдэг хүнгүй болчихлоо.
Төсөв мөнгөний бодлого уялдахгүй байна гэдэг нь төсөв уялдаагүй орж ирсэн нь үнэн. Монголбанкныхан үгээ хэлж байна. Дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын төсөв хоёр дахин томорчихсон. Ийм зүйл дэлхийд байхгүй" гэлээ.