/2022.10.12/: Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Уран гулгалтын холбооны гүйцэтгэх захирал Коган Александр Ильич, удирдах зөвлөлийн гишүүн Свиридов Сергей Васильевич нарын төлөөлөгчдийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Соёлын дэд сайд М.Батбаяр, Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн нар Соёлын яам дээр хүлээн авч уулзлаа.
Талууд уулзалтын хүрээнд ирэх онд Оросын уран гулгалтын тамирчдын үзүүлэн тоглолтыг “Степпе Арена” мөсөн өргөөнд зохион байгуулах боломжийн талаар санал солилцов. Оросын Холбооны Улсын Уран гулгалтын холбооны зүгээс энэхүү үзүүлэн тоглолтыг хоёр орны соёл, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран зохион байгуулах нь монголын уран гулгалтын спортыг сонирхогч хүүхэд, залуучуудад цаашид олон улсын хэмжээний тэмцээнд амжилт гаргахад нь том хувь нэмэр оруулах арга хэмжээ болно гэдэгтэй санал нэгдлээ.