АНУ: Хамгийн орчин үеийн зэвсэглэл бүхий нисэх онгоц тээвэрлэгч шинэ хөлөг далайд гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ: Хамгийн орчин үеийн зэвсэглэл бүхий нисэх онгоц тээвэрлэгч шинэ хөлөг далайд гарлаа

/2022.10.10/ Аравдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Виржиния мужийн Норфолк баазаас нисэх онгоц тээвэрлэгч USS Gerald R. Ford хөлөг Атлантын далайг гатлахаар замдаа гарлаа.

Цөмийн хөдөлгүүрээр тоноглогдсон энэхүү хөлөг онгоц нь Ford ангиллын анхны хөлөг юм. АНУ-ын тэнгисийн цэргийн сүр хүчийг дэлхий нийтэд илтгэж чадахуйц, усан флотын гол цөм нь болсон байлдааны онгоц болжээ. Gerald R. Ford онгоц туршилтын журмаар задгай тэнгист өмнө нь хэд хэдэн удаа гарсан ч энэ удаагийн аялал нь анхны даалгавартаа гарч байгаа гэдгээрээ онцлог юм. Энэ даалгавраар уг хөлөг гадаадын аль нэг усан боомтод зочлох бөгөөд байлдааны ажиллагаанд байнга оролцдог хөлгүүдтэй харьцуулахад арай богино хугацааны аялал хийх ажээ.

Энэхүү байлдааны хөлгийн бүтээн байгуулалтын ажил 2009 онд эхэлсэн ба 2017 онд албан ёсоор дуусгаж, тэнгисийн хүчинд хүлээлгэн өгсөн байдаг. Анх 2008 онд Gerald R. Ford төслийн санхүүжилт нь 13.3 тэрбум ам.доллараар батлагдаж байсан гэнэ. 2021 он 12-р сар гэхэд байлдааны ажиллагаанд бэлэн болно гэж мэдэгдэж байсан ч зэвсгийн цахилгаан өргүүр тэргүүтэй зарим тоног төхөөрөмжийн асуудлуудаас болоод өдийг хүртэл хойшилжээ.

Ford бол АНУ-ын тэнгисийн хүчинд ашиглагдаж байгаа 11 дэх нисэх онгоц тээвэрлэгч хөлөг бөгөөд шинэчилсэн загвараар зохион бүтээсэн анхны хөлөг юм.

Түүний өмнө Америкчууд Nimitz ангиллын тээвэрлэгч онгоцуудыг 1975 оноос эхлэн үйлдвэрлэж байсны хамгийн сүүлийн загвар нь 2009 онд тэнгисийн хүчинд нийлүүлэгдсэн байна. Нисэх онгоц тээвэрлэгч 11 хөлөг гэдэг бол бусад улс орнуудыг тэргүүлж буй олон тооны хөлөг сонсогдож байгаа ч АНУ-ын Конгресс тус улсад хүчин зүтгэх ёстой нисэх онгоц тээвэрлэгч хөлгийн тоог хамгийн багадаа 11 байна гэж заасан байдгийг энд онцлон дурдмаар байна.

Мөн тус улсын тэнгисийн хүчинд харъяалагддаг Wasp болон America ангиллын газар уснаа явагч хөлгүүд нь нийт эзлэх талбай, нислэгийн тавцангаараа бусад улс орнуудын нисэх онгоц тээвэрлэгч хөлөгтэй тэнцдэг хэдий ч АНУ тэднийг нисэх онгоц тээвэрлэгчийн тоондоо оруулж тоолдоггүй ажээ.

Ford хөлгийн их биеийг Nimitz ангиллын хөлгүүдээс санаа авсан хэдий ч, бага сага өөрчлөлтүүд оруулан бүтээжээ. Дотоод бүтэц, үйл ажиллагааны хувьд тус хөлөг нь ашигт үйлдэл хамгийн өндөртэй бөгөөд урт хугацаандаа зардал хамгийн их хэмнэх боломжтойгоор зохион бүтээгдсэн байдаг.

Тэдгээр онцлогоос дурдвал, EMALS буюу онгоц хөөргөх цахилгаан соронзон систем нь урьд өмнөх загваруудад ашиглаж байсан уурын тийрэлтэт бууг орлохоор болсон. Уурын их буу нь богино гүйлтийн зам дээр нисэх онгоц өндөр хурд авахад туслах ган троссыг хүчлэн чавхдаж, онгоцыг хурд авахуулдаг систем байсан бол EMALS нь цахилгаан соронзон бүхий төмөр зам ашиглан, онгоцыг хөөргөх боломжтой болж, олон дахин ашиглах боломжийг нэмэгдүүлж чадсанаараа онцлог юм.

Ford хөлгийг зохион бүтээх явцад суурилуулсан EMALS тэргүүтэй олон шинэ технологиудыг тохируулж, хэвийн ажиллагаанд оруулах ажиллагаанууд хөлгийн нийт үйлдвэрлэлийн хугацааг сунжруулсан бөгөөд мөн урьд нь гидравлик шахуурга ашиглан, хөлгийн агуулахаас тавцан руу пуужин, сум зөөдөг байсныг бүрэн цахилгаан соронзон өргүүр болгосон нь зэвсэг хэрэгсэл зөөх хурдыг нэмэгдүүлж чадсан ач холбогдолтой ажээ. Ford хөлөг дээр энэ төрлийн 11 цахилгаан өргүүр байгаа ба 2021 оны 12-р сар хүртэлх хугацаанд бүх цахилгаан шатны ажиллагааг засаж, тохируулсан байдаг.

Тус хөлгийн онцлох өөр нэг давуу тал нь одоо байгаа болон ирээдүйд суурилуулж болох бүх л цахилгаан хэрэгслийг бүрэн хангаж чадахуйц илүү хүчирхэг цөмийн хөдөлгүүр юм. Мөн Nimitz ангиллын хөлгүүдтэй харьцуулахад нэг удаагийн аялалд гарах бие бүрэлдэхүүний тоог 800-1200 хүнээр бууруулж чадсан нь орон зай, хөдөлмөрийн зардал хэмнэж, тэнгисийн цэрэгт бага хүчээр илүү их бүтээмжтэй даалгавар гүйцэтгэх боломж бүрдүүлж байгаа юм.

Энэ удаагийн аяллаараа Gerald R. Ford хөлөг нь нисэх онгоц тээвэрлэгчийн цохилтын бүлэг нэртэй цөөн тооны байлдааны хөлгийн хамтаар боомтоос хөдөлсөн бөгөөд энэ бүрэлдэхүүнд 3 сөнөөгч хөлөг, залуурт пуужин харвагч нэг хөлөг, ачааны хоёр хөлөг онгоц, нийт хөлгүүдийн шатахууныг тээвэрлэгч танкер гэсэн хөлгүүд багтаж байна. Энэ хөлгүүдтэй хамт аялснаараа Ford хөлөг далайд буюу хуурай газарт байгаа ямар ч дайсныхаа байршилд цохилт өгөх хэмжээнд ойртох боломжтой бөгөөд дагалдан яваа хөлгүүд нь нисэх онгоц тээвэрлэгчийг далайд таарч болзошгүй гадны аюулаас, ялангуяа шумбагч хөлгийн дайралтаас хамгаалах үүрэгтэй юм.

Далайн аяллын явцад Ford хөлөг дээр АНУ, Канад, Дани, Финлянд, Франц, Герман, Нидерланд, Испани, Шведийн нийт 17 байлдааны хөлөг болон нэг шумбагч онгоц нэмэгдэж, аяллыг цааш үргэлжлүүлэх ажээ. Хөлгийн командлагч, ахмад Пол Ланзилотта хэвлэлийн хурал дээр мэдэгдэхдээ “Ford хөлөг задгай тэнгист гармагцаа холбоотон орнуудын хөлөгтэй нийлэх болно. Тиймээс бид хоорондын нягт хамтран ажиллаж, багийн ажиллагаагаа сайжруулахыг хүсч байна. НАТО-ийн түнш орнуудын байлдааны хөлгүүд бидэнтэй өдөр ч, шөнө ч хамт байж, хамтын даалгаврууд гүйцэтгэх бөгөөд үүнд агаараас эсэргүүцэн хамгаалах сургуулилт, алсын зайн дайралт зэрэг ажиллагаанууд багтсан байгаа. Тэнгисийн цэргийн нисэх хүчинтэй холбоотой хийгддэг бүх л даалгаврууд гүйцэтгэгдэх гэж байгаад бид баяртай байна” гэсэн юм.

Энэ удаагийн даалгавартаа Ford хөлөг нисэх онгоцны 8 эскадриль тээвэрлэж яваа ажээ. Үүнд, агаарт тулалдах, усан онгоц болон газрын бай руу пуужин харвах чадвартай F/A-18 E/F Super Hornets сөнөөгч онгоцууд, цахилгаан соронзон орон ашиглах тулаанд зориулан тоноглосон Super Hornets болох EA-18G Growlers, тагнуул, локацийн E-2D Hawkeye онгоцууд, C-2 Greyhound ачааны онгоцууд зэрэг далавчит хөлгүүдээс гадна хүн тээвэрлэх, агаарт тулалдах, эрэл хайгуул, аврах ажиллагаа, шумбагчийн эсрэг тулалдах чадвар бүхий Seahawk нисдэг тэргүүд ч мөн багтжээ.

Gerald R. Ford хөлөг нь энэ удаад даалгаварт гарч болох хамгийн аюулгүй бүс буюу Атлантын далайд гарсан тул хөлгийн бүрэлдэхүүн шинэ онгоцтойгоо илүү сайн танилцах, ажиллагааны үеийн бүх л техник, технологиудыг сайтар шалгаж, турших бололцоотой болж байгаа юм.

Эх сурвалж: https://www.popsci.com

НОБЕЛ2022: Орос, Украин, Беларусын ХҮНИЙ ЭРХИЙН тэмцэгчид шалгарлаа
НОБЕЛ2022: Орос, Украин, Беларусын ХҮНИЙ ЭРХИЙН тэмцэгчид шалгарлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.