“Зөөлөн ур чадвар” номын редактор, Анагаах ухааны доктор Н.Цэнгэлсайхантай ярилцлаа.
-Зөөлөн ур чадвар гэж юу вэ?
-Зөөлөн ур чадвар гэдэг нэр томъёо нэлээд тархлаа. Англиар бол “Soft skill” гэж нэрлэдэг. Үүнээс гадна “Hard skil” гэж бий. Энэ хоёр чадварыг энгийнээр тайлбарлавал, гадаад хэл сурах нь хард скилл /дүрэм сурах, үг цээжлэх/ гэж үзвэл амжилттай сурахад нөлөөлж буй хүчин зүйлс нь софт скилл /цагийн менежмент болон бусад чадвар/ юм.
Өнөөдөр дэлхийн аль ч оронд очсон танаас тодорхой ур чадваруудыг шаарддаг болсон байна. Зөвхөн дипломоос гадна зөөлөн ур чадвар буюу харилцаа хандлага, аливаа зүйлийг шүүн тунгаах, нарийн асуудлуудыг шийдвэрлэх чадварыг чухалчилдаг болсон. Мөн Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг ирээдүйд хувь хүнээс шаардах 10 ур чадварын жагсаалтыг харвал хард скилл-ээс илүү софт скилл давамгайлж байна.
Ерөнхий боловсролын сургуульд цагийн менежментийн талаар хэн ч заадаггүй шүү дээ. Цаашилбал, хэлэлцээр хийх, асуулт тавих ур чадварт суралцах хичээл ямар ч сургуульд ордоггүй. Тиймээс ихэвчлэн хувь хүн өөрөө зөөлөн ур чадваруудад суралцаж байдаг.
-Та бүхэн "Зөөлөн ур чадвар" номыг бүтээсэн юм байна. Энэ номынхоо талаар танилцуулахгүй юу?
-Тус ном нь 10 бүлэгтэй. Нийт 53 зөөлөн ур чадварын тухай ойлголтыг багтаасан. Үүнд дотроо 137 дасгал ажилтай. Энэ номоос зөөлөн ур чадвар гэж юуг хэлэх, ямар ур чадварт түлхүү анхаарах хэрэгтэй вэ гэдэг ойлголтыг авна. Ингэхдээ хүний анзааргагүй өнгөрүүлдэг зүйлсийг багтаах, бодоогүй зүйлийг нь өдөөж өгөхийг эрмэлзсэн. Зөөлөн ур чадвар гэдэг маш том агуулгатай ойлголт учир бүлэг бүрийг цааш нь гүнзгийрүүлж судлах боломжтой. Манай номын тухайд илүү суурь ойлголт өгөх зорилготой.
Тиймээс “Зөөлөн ур чадвар” номыг маш олон хүргэхээр зорьж байна. Ялангуяа ахлах, дунд ангийн сурагчид, нийгмийн ажилтан, сургуулийн сэтгэл зүйчид ашиглахад илүү тохиромжтой. Одоогоор зарим орон нутгаас ахлах ангийн багш нар “Хүүхдүүдтэйгээ хамт хийж үзье, танай номыг авъя” гэсэн хүсэлт нэлээд ирж байгаа. Ахлах ангийн хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нар хүүхдүүддээ ямар ур чадвар дутагдалтай байна гэдгийг маш сайн мэдэж байгаа шүү дээ. Уг ном софт скилл гэж юу байдаг талаар тайлбарлаж, онолын мэдлэг олгохоос гадна давхар дасгал ажиллаад явна гэдгээрээ давуу талтай.
-Энэ төрлийн ном монголд анх удаа хэвлэгдэж гарч байгаа гэдгээрээ нэлээд онцлог байгаа шүү дээ?
-Тийм ээ. Гадны орнуудад зөөлөн ур чадвар гэх ойлголт хэдийнээ дэлгэрчихсэн. Энэ талаарх маш олон ном хэвлэгдэж гарсан байгаа. Гэхдээ тухайн орны соёл, харилцаа, сэтгэхүйн онцлогоос хамаараад хоорондоо бага зэрэг ялгаатай. Үүнийг шууд монгол хэл дээр орчуулна гэдэг учир дутагдалтай. Татсан жишээнүүд нь хүртэл монгол хүний сэтгэхүйн онцлогт таарахгүй. Тиймээс бид өөрсдийн туршлага, уншиж, мэдсэн зүйл дээрээ тулгуурлан монголчуудад зориулсан жишээ, дүрүүдийг энэ номд шингээж, ойлгоход илүү дөхөм болгоход анхаарч ажилласан. Яг монгол хүнд зориулсан учир энэ бол дахин давтагдашгүй ном гэж би хэлнэ.
-Хэдээс хэдэн насныханд зориулсан бэ?
-14-өөс дээш насны бүх хүн уншихад тохиромжтой.
-Эцэг эхчүүдийн хувьд ч гэсэн хүүхэдтэйгээ суралцаад явах боломжтой юу?
-Бололгүй яахав. Магадгүй хүүхэд тань ойлгохгүй бол хамт ажиллаад явж болно. Надад ч гэсэн редакторлаж байх явцад анзааралгүй өнгөрүүлдэг зүйл маш их байдаг юм байна гэж бодогдсон. Энэ бол маш гоё ном. Тиймээс хүн бүхэн уншаасай гэж хүсэж байна. Хэдий 14 наснаас дээш гэж зааж байгаа ч бүх хүнд нээлттэй.
-Таны яриаг сонсоход монголчуудын хувьд ихэвчлэн “хард скилл” дээрээ төвлөрдөг юм шиг санагдлаа?
-Магадгүй. Хард скилл нь илүү барьцтай байдаг учраас байх. Гэхдээ зөөлөн ур чадвар буюу цагийн менежменттэй байснаар хугацаа хэмнэх боломжтой. Мөн ганцаараа хийхээс илүү багаар хамтарч ажиллах нь илүү удаан зорьсон зорилгодоо хүрэхэд тусалж магадгүй юм. Өөрөөр хэлбэл хард скиллээ илүү үр дүнтэй, амжилттай болгоход софт скилл нөлөөлдөг гэж ойлгож болно. "Зөөлөн ур чадвар" номд маш олон зүйл багтаахыг хичээсэн учир хүн бүр өөрийн сонирхож, хөгжүүлэхийг хүссэн ур чадвараа олж авч чадна гэж найдаж байна.
-Номын зохиолчид ихэвчлэн ямар салбарын хүмүүс байгаа вэ?
-Зохиолчоор маш олон хүн ажилласан. Энэ утгаараа нэлээд шат дамжлага дамжиж бүтээгдсэн. Ойролцоогоор 2 жил гаруй хугацаа зарцуулсан байх. Ихэнх нь сэтгэл зүйч, философич, анаахын салбарын хүмүүс байгаа. Мэдээж тодорхой хэмжээнд салбартаа амжилттай яваа хүмүүс оролцсон. Редакторын хувьд олон хүний хөдөлмөр шингэсэн бүтээл учир нэлээд чамбай ном болсон гэж дүгнэж байгаа. Гэхдээ цаашид илүү боловсронгуй болж, хүмүүсийн санал сэтгэгдлийг тусгаад явах байх.
-Уг номыг бичихдээ гадны улс орнуудад гарсан бүтээлүүдээс санаа авсан байх. Үүнийг монгол хүний сэтгэхүйд буулгахад хүндрэлтэй зүйл байсан уу?
-Сэтгэхүй гэхээс илүү жишээнүүдээ илүү монгол хэв маягт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Бидний ахуйтай ойрхон жишээ, даалгавартай байвал хүнд хүрнэ шүү дээ. Тиймээс үүн дээр нэлээд ач холбогдол өгч ажилласан.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.