/2022.09.29/ “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022” арга хэмжээ хоёр дахь өдрөө болж өндөрлөлөө. Өнөөдөр "Дамжуулах сүлжээний цахим эрин" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
Клин-Энэржи Ази компанийн төлөөлөгч, МНХБЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн М.Батболд:
-Засгийн газраас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжинэ гэсэн бодлого баримталж ажиллаж байгаа. “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050” зорилтын хүрээнд 10 гаруй мега төслүүд хэрэгжүүлж байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэн бэлэн. Хүн хүчний хувьд туршлага суучихсан инженерүүдтэй. Сүүлийн 10 орчим жил шинэ техник технологи нэвтрүүллээ. Хийж чадахгүй байгаа зүйл байгүй. Гэвч компаниуд маань санхүү, хүн хүчний хувьд хөгжиж, бэхжиж чадахгүй байна. Үүнд нэг л асуудал байгаа. Тодруулбал, бидний зураг төсөл дээр хийсэн төсөв салбарын маань эрх ашиг, онцлогт тохирохгүй байна. Эрчим хүчний салбар өнөөдрийг хүрэл барилгын салбарын төсвийн аргачлалаар явж ирлээ. Төсвийн аргачлалаа өөрчлөхгүй бол эрчим хүчний салбар хэзээ ч ашигтай ажиллахгүй.
Түүнчлэн төр хувийн хэвшлийн хийх ажлыг булааж хийгээд байхаар энэ салбар хөгжиж чадахгүй байна. Ийм жишиг маш их байна. Бид эрх зүйн орчноо зөв тодорхойлох ёстой. Төр юу хийх ёстой, хувийн хэвшил юу хийх ёстой вэ гэдэг зааг ялгаагаа маш сайн гаргах хэрэгтэй гэв.