
Монгол Улсын хэмжээнд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ хяналтаас гарч, хэрэглэгчдийн 50-аас дээш хувь нь 18-30 насныхан байгаа нь аюулын харанга дэлдээд байна.
Гаалийн байгууллагын 2026 оны эхний хагас жилийн статистик мэдээллээс үзэхэд хилээр мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 12 удаагийн үйлдлийг таслан зогсоосон гэх бөгөөд нийт 6 төрлийн 1,200 мл сэтгэцэд нөлөөт бодис илрүүлсэн гэжээ. Энэхүү тоон мэдээлэл ердөө хил гаалиар орж ирэхийг завдсан сэтгэцэд нөлөөт бодисын тоо хэмжээ. Гэтэл хилээр орж, гарч буй ачааны рентгенд хамрагдсан байдал 2025 оны байдлаар ердөө 14.3-22.5 хувь байгаа нь анхаарал татаж байна. Үлдсэн хувь нь ямар нэгэн хяналт шалгалтгүйгээр улсын хилээр нэвтэрч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид хашаа нь цоорхой, хаалга нь онгорхой айл шиг л байгаа хэрэг.
Улсаараа, тэр дундаа залуу үеийнхэн дунд цагаан тахал болон тархаад буй сэтгэцэд нөлөөт бодисыг зарж буй этгээдүүд, мөн тэднийг хамгаалж буй хууль хүчнийхэн мафи болтлоо өргөжсөн болохыг нэгэнт цагт ТЕГ-ын дарга байсан Б.Хурц мэдээлсэн. Олон нийтийн өмнө хар тамхитай тэмцэж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ шаардлагатай тоног төхөөрөмж хангалтгүй, тоног төхөөрөмж байлаа ч ажиллуулж чадах боловсон хүчингүй бид олон жилийг элээсэн. Үүний балгаар цагаан тахал болтлоо тархаад буй хар тамхи гээч зүйл баян ядуу, дарга цэрэг гэж ялгалгүй айл бүрийн хаалгыг тогшиход хүрчээ. Үүнд ойрын хоёрхон жишээ дурдахад өнгөрсөн долоо хоногт манай улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин гэх хоёр этгээд Истанбулд энэ төрлийн гэмт хэргийн улмаас баривчлагдсан. Мөн "Премьер Тайлор"-ийн захирал Т.Зоригт Францын иргэний хамтаар хар тамхины хэргээр саатуулагдсан мэдээлэл цацагдаад байгаа нь ердөө л жишээ.
Уг нь бид хамгийн түрүүнд хаалга үүдээ битүүлж, хилээр нэвтрэх байдлыг нь нэн даруй таслан зогсоох ёстой. Гэтэл бид өвсөн дундаас зүү хайж, аливаа асуудал нэгэнт газар авч, аюулын харанга дэлдсэн цагт л яах ёстой талаараа өөр хоорондоо марган, дорвитой шийдвэр гаргаж чадалгүй шилээ маажсаар.
Асар их мөнгө, эрх мэдэл яригдаж, хууль хүчнийхэн хүртэл нэр холбогдоод байгаа энэхүү асуудлыг эрх баригчид хэрхэн шийдвэрлэхийг олон нийт анхааралтай ажиглаж буй. Учир нь Хууль зүйн сайд Г.Тэмүүлэнг сайдаар томилогдох үед Ерөнхий сайд Н.Учрал энэ төрлийн гэмт хэрэгт анхаарал хандуулан ажиллахыг сануулсан. Гэвч салбарын сайд одоогоор дорвитой арга хэмжээ авч чадаагүй л байна.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.