
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярьж, Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймрийн талаар санал солилцжээ.
Японы Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай утсаар дээд хэмжээний яриа хэлэлцээ хийж, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийн хохирлыг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтлээд, аравдугаар сарын 8-нд Монгол Улсын зүүн хэсэгт орших Дорнод аймагт гарсан хээрийн түймрийн хохирлын хэмжээг Японы Засгийн газар нухацтай авч үзэж байгааг онцолжээ. Мөн Монголын ард түмэнд чин сэтгэлийн харамсал илэрхийлсэн байна.
Тэрбээр түймрийн шалтгааныг Монголын эрх бүхий байгууллагууд шалгаж байгаа талаар дурдахын зэрэгцээ Японы KDDI компанийн охин компани болох “Мобиком”-ын гаргасан мэдэгдлийг эш татжээ.
KDDI-ийн мэдээлснээр, түймэр гарах үед “Мобиком”-ын ажилтнууд өөрсдийн байгуулсан холбооны сүлжээг ашиглалтад оруулах ёслолд оролцох, 4G сүлжээний чанарыг газар дээр нь шалгах зорилгоор байгалийн тусгай хамгаалалттай бүсэд очсон байжээ. Тухайн үед Монгол Улсын Хилийн боомтын захиргааны автомашинууд компанийн автомашинуудын урд болон хойно явж байсан гэж мэдээлсэн байна.
Мөн KDDI компани холбогдох байгууллагуудын шалгалтад бүрэн хамтран ажиллаж, түймэрт өртсөн байгаль орчны нөхцөл байдлыг тогтоох, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, бүс нутгийн байгаль хамгааллыг дэмжих чиглэлээр Монголын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Японы Засгийн газар аравдугаар сарын 27-нд ой, байгалийн орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг JICA-ийн мэргэжилтнийг Монгол Улсад илгээсэн байна.
Японы тал цаашид Монголын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, түймрийн дараах сэргээн босголт болон байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөц бэлтгэх зэрэг цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь түймэрт өртсөн бүс нутгийн байгаль орчныг сэргээх, байгаль хамгааллын чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.