Том тендерт дандаа “ялдаг” Бодь группийн тухай 5 баримт
 

Том тендерт дандаа “ялдаг” Бодь группийн тухай 5 баримт

Хотын дарга асан Х.Нямбаатар алс холын Канад руу шувуу болон нисч очин тэндээсээ 7 хоног бүр улс төрийн цуврал “контент” цацах болсон. Үүний нэг буюу хамгийн сүүлд уржигдар хийсэн лайв бичлэгтээ “Дэглэмийн хамгийн том санхүүжүүлэгч, түрийвч болсон хүн бол Бодь группийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан” хэмээн нэлээн ноцтой байж болзошгүй баримтуудыг түүвэрлэн ярив.

Ингэхэд Бодь групп хэзээнээсээ Монголын улс төр бизнест ингэтлээ хүч нөлөөтэй болсон юм бол. Төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр, банк, уурхай лиценз гээд нэг л мэдэх нь ээ “Бодийн Баясгалан” гэх хүнийг тойрсон улс төрийн халуун сэдвүүд, томоохон тендер, хөтөлбөрүүд гарын арван хуруунаас хальж, эдүгээ Монголд хэрэгжиж байгаа том дүнтэй бүх гэрээ энэ группийн аль нэг компаниар дамжиж явдаг нь хууль мэт болжээ. Ингэхээр мань эр улс төрийн оролцоо, нөлөөгүй бол улсаас зарлаж буй том тендерүүдэд дандаа ингэж чиглэл бүрээр аль нэг компанин нь шалгараад байх боломж хэцүү гэдгийг хэн ч гадарлана. Тэгвэл “Бодь”-ийн Д.Баясгаланд олноос давсан ид шид юм уу эсвэл ямар нэгэн үл үзэгдэх гар дээрээс татаад байх шиг аз, од нь гийсэн томоохон дүнтэй тендерүүд бэлэг мэт очдогийг доорх баримтуудыг жагсаан, эрэмбэлж уншигч танд хүргэе.

1.Бодь интернэйшнл “Тавантолгой – Гашуунсухайт” 233,6 км төмөр замын төсөл. Төсөвт өртөг 1 тэрбум ам.доллар

Д.Баясгалангийн улс төр, бизнесийн талбарт босоо аварга болох зам эндээс эхэлсэн мэт. Энэ бол тус компанийн хамгийн “алдартай” төсөл. Араасаа олон ч улс төрийн хэрүүл маргаан, хууль хяналтын байгууллагын анхааралд тогтмол ордог сэдэв гэхэд болно. Анх 2017 оноос эхлэн баригдсан Тавантолгой-Гашуунсухайтын 233,6 км-ийн босоо тэнхлэгийн төмөр замд ямар нэгэн тендергүй “улсын нууцад оруулж байгаад” шалгарсан гэгдэх Бодь групп зөвхөн энэ төсөлтэй холбоотойгоор улс төрийн маш олон сэдэв, сенсаацитай нэр холбогдож хоёр ч Ерөнхийлөгчийн нүүр үзэхдээ Бодь интернэйшнл группээрээ уг төслийг хийж гүйцэтгэсэн. Тухайн үед Бодь группийн захирал байсан А.Амундра эдүгээ гадаад улсад бүгж буй бөгөөд тэрээр улс төр ид халж байх үед “Би Бодь группийг хэнд, хэзээ хэдэн төгрөгийн авилга өгснийг мэднэ. Хууль зүйн сайд Б.Энхбаяр та /Нэг жилийн өмнө хууль зүйн сайд асан/ намайг төрийн хамгаалалтад авбал би бүх үнэнээ ярина” гэж байв. Ингээд бодохоор уг төмөр замын төсөлтэй холбоотойгоор хожмын нэгэн өдөр шалгаж, эргэж асууж ярих улс төрийн том сэдэв байх нь зүй.

2. Тавантолгой–Гашуунсухайт / Тавантолгой–Зүүнбаян холболт. Төсөвт өртөг 218.08 тэрбум ₮

Бодь групп зөвхөн төмөр зам тавиад зогссонгүй. ТТ-ГШ-Зүүнбаянгийн төмөр замын холболтыг мөн л 218 орчим тэрбум төгрөгөөр барьж гүйцэтгэсэн. Энэ төсөлд хэрхэн шалгарч, ямар арга замаар гүйцэтгэгч болж ажилласан талаар тодорхой мэдээлэл байдаггүй. Ердөө л Тавантолгой төмөр замын нийтэлсэн гэрээний мэдээлэлд дурдагдсан түүхтэй. Энэ холболтын төсөл нь “Бодь” группийн Д.Баясгалан цаашид төмөр замын олон арван төсөлтэй нэр холбогдох, ажил төсөл хөтөлбөрүүдийг өөрийн компаниар дамжуулах ердөө эхлэл болно.

3. Тавантолгой нүүрс ачих логистикийн төв. Төсөвт өртөг 313,2 тэрбум ₮

“Бодь интернэйшнл” групп улсаас, тэр дундаа говийн аймгуудад Төмөр замын төсөлтэй холбоотой ажлуудад ногоон гэрлээр шалгардаг болсон ээлжит нэг жишээ бол Тавантолгойн уурхайгаас нүүрс ачих логистикийн төвийг барих ажилд шалгарсан явдал. Урьд нь ТТ-ГШ-ын 233,6 км төмөр замыг барьсан тус компани дахиад л Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг 313,2 тэрбум төгрөгөөр барихаар болжээ. Манай улс ганцхан компанитай юм уу гэмээр энэ том, том тендер төслүүдэд чухам яагаад “Бодь интернэйшнл” оролцоод, ялаад, гүйцэтгээд байдаг нь сонирхолтой.

4. Урт цагааны гудамжийн тохижилт. Бодь пропертийз. Төсөвт өртөг 44 тэрбум ₮

“Бодь” групп зөвхөн төмөр зам, уул уурхайн төслүүдээс гадна Сэлбэ дэд төвийн томоохон бүтээн байгуулалтад тендерт оролцсон ч шалгараагүй. Хэдийгээр хувийн хэвшил төрөөс зарласан тендерт оролцож, ажил үйлчилгээ гүйцэтгэх нь хууль зөрчөөгүй ч “Бодь” групп нь дотроо “пропертийз”, “интернэйшнл” гэх мэт жижиг компаниудад хуваагдан голчлон төрөөс зарлагдаж буй томоохон тендерүүдэд ялдаг сонин зүй тогтол байна. Үүний нэг жишээ бол Урт цагааны гудамжны тохижилтын ажил. Бодь пропертийз нь Д.Баясгалан захирлын шууд оролцоотой компани юм. Хотын дарга асан Х.Нямбаатарыг “Урт цагааны тохижилтоор 44 тэрбум төгрөг үргүй зарсан” хэмээн үгүйсгэж, шүүмжилдэг. Гэтэл энэ төслийг гардан гүйцэтгэсэн компани нь “Бодь групп”-ийн захирал Д.Баясгалангийн оролцоотой компани байсан нь анхаарал татна.

5. ЭТТ, МИАТ, Эрдэнэт ТӨҮГ – Бараа, ажил үйлчилгээний нээлттэй тендерүүд.

Бодь групп дотроо Бодь рэйл /төмөр замын тоног төхөөрөмж/, Бодь даатгал /Даатгалын үйлчилгээний чиглэлээр/, Red Rock Catering хоол, үйлчилгээний чиглэлээр, Бодь Электроникс техник, тоног төхөөрөмжийн чиглэлээр тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг аж. Ингэхдээ Бодь Даатгал гэх компаниар МИАТ компанид Агаарын хөлгийн даатгал 10,8 тэрбум ₮, Эрдэнэс Тавантолгойд Ажилчдын гэнэтийн ослын даатгал 2, тэрбум ₮, эд хөрөнгийн даатгалд 400 сая ₮, Эрдэнэт ТӨҮГ-т эд хөрөнгийн даатгалд 187 сая төгрөгөөр тус, тус ажил гүйцэтгэх тендерт шалгарч, төлбөрөө авчээ.

Мөн тус группийн хоол, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Red Rock Catering компани нь Эрдэнэс тавантолгойд ажилчдын хоолыг 24,8 тэрбум ₮, МИАТ-д онгоцны зорчигчдын хоолыг 9,5 тэрбум төгрөгөөр тус тус нийлүүлэх тендерийн гэрээнд шалгарсан байдаг. Бас Бодь Пропертийз компани нь Хавдар судлалын Үндэсний төв II барилгын зураг, төслийг гүйцэтгэх 3 тэрбум төгрөгийн тендерт дангаараа шалгарчээ.

Эрдэнэс Тавантолгой компаниар дамжуулан олон зуун сая тонн нүүрс тээвэрлэх их ажлын хажуугаар Д.Баясгалан захиралд төмөр зам барих, холболт хийх, гүүр, тулгууран байгууламж гүйцэтгэх, төрийн мэдлийн компаниудад хоол, хүнс, даатгалын гэрээнүүд нийлүүлэх гээд “ажил их”. Бөөрөлжүүтийн ЦС-ын төслийг мөн орхиж боломгүй. Учир нь уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй бөгөөд Улаанбаатар хот анх удаа 500 тэрбум төгрөгийн бонд босгож, тус станцад 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан юм. Энэ бүхнийг бодоход Д.Баясгалан захиралд төрөөс зарладаг тендерүүдэд ихэнхдээ “ялдаг” зүй тогтол бий гэдгийг харж болно. Магадгүй зарим нэг “шувуудын” хэлж буй шиг Голомт банкнаас 100 сая ам.доллар авч гараад Их тэнгэрийн аманд хүргэж өгсөн гэгдэг “мэдэгдэл” үнэн, бодит эсэхийг мэдэхгүй. Гагцхүү дээрх бүх тендер, ажил үйлчилгээнд оролцож, ирээдүйд дандаа “ялах” тохироо байсан эсэхийг цаг хугацаа, хуулийн байгууллагын хэнээс ч үл хамааралгүй шалгасны дараа тодорхой болох ёстой.

Т.Бат

Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртээгүйдээ бухимдаж, Норвегийг ДОРОМЖИЛЖЭЭ
Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртээгүйдээ бухимдаж, Норвегийг ДОРОМЖИЛЖЭЭ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.