/2021.08.20/: Тус зэвсэгт бүлэглэл нь 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын нутаг дэвсгэрт гарсан халдлагын дараа АНУ-ын удирдан явуулсан дайралтанд унасан боловч өнгөрсөн 20 жилийн хугацаанд гадаадын болон Афганистаны цэргийн хүчин рүү олон удаагийн халдлага үйлдэх замаар хүчээ аажим аажмаар нэмэгдүүлж байсан юм.
Талибан гэдэг нь Пашту хэлнээс хөрвүүлбэл "оюутнууд" гэсэн утгатай. Талибанууд энэ удаад өмнөхөөсөө арай илүү аядуу дүр төрхийг гаргахыг оролдож байна. Мягмар гарагт Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид төрийн эрхийг авснаас хойш хийсэн анхны хэвлэлийн бага хурал дээр эмэгтэйчүүдийн эрх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаална гэж амлав. Гэсэн хэдий ч Афганистаны иргэд болон олон улсын ажиглагчид үүнд эргэлзсээр байна.
1990-ээд оны эхээр зэвсэгт бүлэглэл байгуулагдахаас өмнө Талибаны олон удирдагч 1980-аад онд Зөвлөлтийн эзлэн түрэмгийллийн эсрэг Афганистаны можахедуудтай хамтран тэмцэж байв. Можахедууд хүйтэн дайны үеийн дайсныхаа эсрэг явуулах бодлогынхоо хүрээнд АНУ-аас зэвсэг, мөнгө авч байжээ. Тухайн үед ЗХУ 1978 онд тус улсын анхны ерөнхийлөгч Мохаммад Дауд Ханы эсрэг цуст төрийн эргэлт хийсэн коммунист удирдагчдыг дэмжиж байв.
1989 онд ЗХУ цэргүүдээ татан авсны дараа Афганистан улсад эмх замбараагүй байдал ноёрхож, 1992 он гэхэд эрх мэдлийн төлөө тэмцэж, нийслэл Кабул хотыг хуваан можахедуудын командлагч нар иргэний дайн хийж эхэлжээ.
Талибаны зэвсэгт бүлэглэл 1990-ээд оны эхээр томоохон тоглогч болсон бөгөөд түүний олон гишүүд Афганистан болон Пакистан улсын консерватив шашны сургуульд сурч байжээ.
Тэд асар хурдан цэргийн амжилт олсон ба Кабул хотын дараа орох хоёр дахь том хот болох Кандагарыг хяналтандаа авч, хотуудыг аюулгүй болгохоо амласан. Олон жилийн дайны дараа хүмүүс эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ хүний эрхийг зөрчсөн, дайны гэмт хэрэгт үйлдсэн хэмээн можахедуудын командлагч нарыг буруутгаж, Талибануудыг хүлээн зөвшөөрсөн байдаг.
1996 он гэхэд Талибанууд нийслэл хотыг эзлэн авч, тус улсын сүүлчийн коммунист ерөнхийлөгч Нажибулла Ахмадзайг хотын төв талбайд дүүжилжээ. Үүнийхээ дараа Афганистаныг исламын Эмират гэж зарлаж, лалын хуулийг баримтлан ажиллаж эхлэв.
Тухайн үед тэднийг Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ), Пакистан гэсэн гурван улс л хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэд 6 жилийн засаглалынхаа үеэр хатуу дэглэм тогтоож эмэгтэйчүүдийг эмчээс өөр ажил эрхлэхийг хориглон үндэстэн ястны цөөнх иргэдэд дуу хөгжим сонсох, телевизор үзэх зэргийг хориглодог байжээ.
1999 онд НҮБ Талибанчуудыг Аль-Каидо-той холбоотой хэмээн хориг тавьсан ба 2001 оны есдүгээр сарын 11-ний хадлагад буруутгажээ.
2001 оны аравдугаар сарын 7-нд АНУ Талибанчуудыг Аль-Каидо-гийн удирдагч Осама Бен Ладенийг орогнуулсан хэмээн тус улс руу довтолсон байна.
20 жил үргэлжилсэн мөргөлдөөний улмаас Афганистанд 40 мянга орчим энгийн иргэд үрэгдсэн бол 64 мянган афган цэргийн албан хаагчид, 3500 орчим гадаадын цэргийн албан хаагчид амь эрсэдсэн байна.
АНУ тус улсаас 1 тэрбум доллар зарцуулсан ч тус улсын нөхцөл сайжраагүй юм. 2011 онд Обамагийн засгийн газар Талибаны бүлэглэлийн гишүүдэд Катар улс руу явах зөвшөөрөл олгосноор Талибанчууд 2013 онд Катар улсын Доха хотод албан офиссоо нээсэн байна.
2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Талибанчууд АНУ-ыг цэргээ Афганистанаас гаргахад гадаадын цэргийн хүчин рүү дайрахгүй гэж АНУ-тай зөвшилцлийн гэрээ байгуулсан байна.
Уг хэлэлцээрийн үеэр Талибанууд Афганистаны удирдлагуудтай энхийн гэрээ байгуулсан ч Талибанууд цэргийн дайралтаа үргэлжлүүлэн өнгөрсөн ням гарагт ерөнхийлөгчийн ордоныг эзэлсэн юм.
Эх сурвалж: aljazeera.com