MININGWEEK: Иргэний нийгмийнхэн юу хүсэж байна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

MININGWEEK: Иргэний нийгмийнхэн юу хүсэж байна вэ?

/2022.9.22/ Уул уурхайн долоо хоног үргэлжилж байна. Энэ жилийн хувьд уул уурхайн форум долоо хоног үргэлжилж буйгаараа онцлогтой. Энэ долоо хоногийн нэг өдөрт иргэний нийгмийн байгууллагуудыг урьж, дуу хоолойг нь хүргэж байгаагаараа бас давуу талтай.

Энэ өдөр дуу хоолойгоо хүргэхээр арав гаруй малчид зорин иржээ. “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” иргэний нийгмийн хэлэлцүүлгийн танхимд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид голдуу сууж байгаа нь харамсалтай санагдав. Малчдын төлөөлөл болон ирсэн зочдын өгүүлж байсанчлан уул уурхай малчдын эрхийг хамгийн их хөнддөг. Гэвч форумын оролцогч уул уурхайн компаниуд болон бусад төлөөлөгчид тэдний үгийг үл ойшоов.

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид, малчид бүгд нэг зүйл дээр санал нийлж байгаа нь тэдний дуу хоолой уул уурхайн компаниудад, шийдвэр гаргагчдад огт хүрэхгүй байгааг илэрхийлж байв.

Өнөөдрийн хуралдаан дээр гэхэд Шадар сайд С.АмарсайханУул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинг шинэчлэхдээ нийгэм, эдийн засаг, байгаль экологийн үр дагавруудыг сайтар тооцох нь зүйтэй” гэсэн. Уурхайн нийгэм, эдийн засаг, байгаль экологийн үр дагавар нь тухайн орон нутагт амьдарч буй иргэдийн амьдралтай шууд холбогддог.

Гэвч Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсанаар аливаа компанийн үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэдэд хорих ял бүхий шийтгэл оногдуулахаар зэхэж байгаа нь, иргэдийн амыг барьж, иргэний нийгмийн дуу хоолойг дарж устгах гэсэн санаа болохыг малчид, иргэний нийгмийнхэн хурцаар шүүмжилж байв.

Нээлттэй нийгэм форум, ТАН-ын гишүүн Д.Эрдэнэчимэг:

-Орон нутаг, уурхайн хооронд 20 гаруй жил хэрүүл тэмцэл өрнөж байна. Үүнийг төр зохицуулж, шийдэх ёстой боловч чадахгүй өдий хүрлээ. Төр зохицуулалтын үүргээ гүйцэтгэж чадахгүй болохоороо алгасаад явчихъя гээд байх шиг байна. Асуудал тулгараад иргэний нийгмийнхэн тэмцээд ирэхээр хууль шүүхээр далайлгаад дарчихъя гэсэн хандлага гараад байна. Иргэний нийгмийн байгууллагууд хуулийнх нь дагуу нэхэмжлэл гаргаад явахаар хууль шүүх, тагнуулын байгууллагаар мөрдөн шалгах асуудал гарч байна. Энэ нь сөрөг үр дагавар ихтэй, сайн засаглалын зарчмын эсрэг явж байгаа хэрэг. Нэг хэсэгтээ иргэний нийгмийг дараад явж болох байх, гэвч цаашдаа дарагдахгүй, асуудал чинь хариун улам бүр томорно хэмээн тодотгов.

Хурлын үеэр “Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай” хуулийн төслийг энэ намрын чуулганаар өргөн барих төлөвлөгөөтэй байгаа гэж ХЗДХЯ-ны Хууль зүй бодлогын газрын дарга П.Сайнзориг мэдээлсэн.

Иргэний нийгмийн байгууллагынхан ил тод байдал, уул уурхайн компаниудын эцсийн өмчлөгчийн нэр тодорхой байх нь маш хэрэгтэй зүйл гэдгийг онцлоод, Хууль тогтооомжийн тухай хуулийн дагуу хуулийн төслийг олон нийтийн хэлэлцүүлэгтэйгээр батлах шаардлагатай байгааг хэлэв. Ингэхдээ иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах шаардлагатай гэсэн юм.

Иргэний мэдэх эрхийг хангах боломжийг эрхзүйн шинэчлэлд иж бүрнээр нь оруулмаар байна. Зөвхөн уул уурхай, ашигт малтмалын тухай хууль биш. Барилга хот байгуулалтын яаман дээр байгаа Газрын багц хууль, Байгаль орчны яам байгаль орчны багц хууль боловсруулагдаж байна. Энэ бүхэн уялдаа холбоотой баймаар байна гэдгийг Д.Эрдэнэчимэг мөн онцолсон.

“Транспарэнси интернэшнл Монгол” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр:

Иргэний нийгмийн байгууллагууд уул уурхайн салбарын ил тод байдлыг олон талаас нь шахсан, шаардсан. Үүний ачаар нааштай өөрчлөлтүүд гарч байгаагийн хамгийн тод жишээ нь Эрдэнэт үйлдвэр. Энэ үйлдвэрийн бүх зардал, ашиг, орлого ил тод болсноор 2020 онд анх удаа 800 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг улс орон даяараа мэдэж авсан. 2020 он хүртэл ашигтай ажиллаж байгаагүй. Ил тод байхгүй бол бид компаниуд ямар ашигтай, яаж ажиллаж байгааг мэдэх боломжгүй. Нэг талд иргэдийн мэдэх эрхийг хангах, нөгөө талдаа ил тод байдлыг хангах хэрэгтэй. Ингэж байж энэ салбарын үр өгөөж нь бодитоор хүрнэ” гэв.

Мөн ил тод байдал гэхээр учир нь ойлгогдохгүй хэдэн файлыг интернэтэд байршуулж, нэг төрлийн хуурах ажиллагаа явуулж байгааг ч шүүмжилж байлаа.

Ийнхүү иргэний нийгмийн танхим бүхэлдээ санал, шүүмжлэлээр дүүрэн болсон юм.

С.Амарсайхан: Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг шинэчлэхдээ нийгэм, эдийн засаг, байгаль экологийн үр дагавруудыг тооцох ёстой
С.Амарсайхан: Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг шинэчлэхдээ нийгэм, эдийн засаг, байгаль экологийн үр дагавруудыг тооцох ёстой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.