/2021.08.20/: Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Нийслэл Улаанбаатар хотод 1 сая орчим иргэн идэвхтэй хөдөлмөр эрхэлж буй судалгаа бий. Тэдний 70 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг, тэдгээрийн мөн 70 хувь нь эмэгтэйчүүд болохыг “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн хэллээ.
Коронавируст цар тахлын улмаас энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдийн олонх нь эргэлтийн хөрөнгөгүйн улмаас үйлдвэрлэл, үйлчилгээгээ явуулах боломжгүйд хүрчээ. Тэгвэл “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас тэдний үйл ажиллагааг дэмжих хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар болсон байна.
Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, төсөл хөтөлбөрт нэгдэн оролцох боломж бүрдүүлэх зорилгоор Нэг цэгийн үйлчилгээг ирэх есдүгээр сард нээхээр бэлтгэлээ бүрэн хангажээ. Тус төвөөс иргэд санхүү, хуулийн зөвлөгөө, маркетинг борлуулалтын тусламж, мэдээлэл авахын зэрэгцээ үйлдвэрлэл, үйлчилгээгээ тухайн төвд бойжуулан зах зээлд гаргах боломжтой юм.
Тодруулбал, тухайн Нэг цэгийн үйлчилгээнээс жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бодлогын болон төрийн бүх үйлчилгээг авч болно.
Түүнчлэн “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж, 310 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Санхүүжилтийг жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээхэд зарцуулахаар төлөвлөсөн байна.
Эдгээр арга хэмжээний талаар “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Аливаа улс орны хөгжил, эдийн засгийн нөхцөл байдал жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс шууд хамааралтай байдаг.
Цар тахлын улмаас нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хүнд байдалд орсон. Тиймээс манай газар тэдний үйл ажиллагааг дэмжих хүрээнд шинэлэг ажлууд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Тухайлбал, Азийн хөгжлийн банкны дэмжлэг, төслийн хүрээнд энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдэд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох талаар судалж байна. Ингэхдээ ил тод байдлаар тоног, төхөөрөмж болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэхээс гадна үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулахад анхаарч ажиллана.
Мөн "Түрүүлж төлье" аян хэрэгжүүлэхээр судалж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ худалдааны төвд байршуулан, гэрээлж борлуулдаг. Тэгвэл тухайн худалдааны төвүүдийг үйлдвэрлэл эрхлэгчдэд барааны үнийн дүнгийн 50 хувийг урьдчилан өгч байгаач ээ гэдэг санал тавих юм. Ингэснээр үйлдвэрлэл эрхлэгчид эргэлтийн хөрөнгийн гачигдалд орохгүй. Эмэгтэй төлөөлөгчдөд энэ тухайгаа танилцууллаа. Бидний ажлыг дэмжиж, хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлж байна” гэв.
Эх сурвалж: НИТХ