/2022.09.08/: Боксын дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ Э.Цэндбаатар болон MGL-1 холбооны мастер тулаанч реалити шоуны ялагч, Дэлхийн "One championship" холбооны тамирчин, холимог тулаанч З.Шинэчагтага нарын 600 сая төгрөгийн бооцоот халз тулаан 2022 оны 9 сарын 9-ний баасан гарагт 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм.
Тэд өнөөдөр жингээ үзэж тамирчид 70.00 кг-ийн жиндээ орсон байна. МУГТ Э.Цэндбаатар жин нэмж, харин холимог тулаанч З.Шинэчагтага жин хасаж оролцож байгаа юм.
Э.Цэндбаатарын хувьд "Тулаан найман раунд тоглох ёстой. Гэхдээ бүтэн найман раунд хүргэхгүй байхыг хичээнэ. Бодсон зүйл байгаа. Тулаанд ялалт байгуулвал шагналынхаа тодорхой хувийг сайн үйлсэд зориулах болно" гэсэн юм. Харин З.Шинэчагтагын хувьд "Тулалдах рингээ хараад сэтгэл их хөдөлж байна. Өрсөлдөгчдөө тулаанд нь амжилт хүсье" гэсэн юм.