/2022.09.06/: Европын Холбооны Эрасмус+ тэтгэлгээр энэ жил 10 Монгол оюутан суралцахаар шалгарчээ.
Эдгээр 10 залуус тус бүрнээ Европын 2-3 улсад амьдрангаа өөр өөр их сургуульд хоёр жил хүртэлх хугацаанд Магистрын хөтөлбөрт хамрагдах юм. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз тэтгэлэгт шалгарсан оюутан залууст баяр хүргэж цаашдын аялалд нь амжилт хүсэн үдэх уулзалт зохион байгууллаа.
"Европт суралцахаар зорьж буй олон залуусыг хараад үнэхээр сайхан байна. Эрасмус+ хөтөлбөр нь олон орны туршлага хуримтлуулах, академик болон мэргэжлийн түвшинд хөгжих, дэвших онцгой боломжийг олгодог. 2021-2027 онд тус хөтөлбөрийн төсөв ойролцоогоор хоёр дахин нэмэгдсэн. Тиймээс бид цаашид олон Монгол залууст энэхүү боломжийг таниулах, хамруулахын тулд хичээх болно." хэмээн Элчин сайд Аксель Никэйз ярьж байлаа.
Уулзалтын үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хамт олон тэтгэлгийн талаар мэдээлэл өгч, өөрсдийн суралцаж байсан улсын соёл, хэл заншил, нийгмийн амьдрал, хоол хүнс гээд хувийн туршлагаасаа хуваалцжээ.
Эрасмус+ хөтөлбөр нь оюутан залууст өөрийн сонгосон мэргэжлийн хөтөлбөрийн туршид Европын олон оронд амьдрах суралцах, соёл уламжлалтай танилцах, туршлага хуримтлуулах өвөрмөц боломжийг бий болгодог. 2014-2020 оны хооронд 160 гаруй Монгол залуус тэтгэлэгт хамрагджээ. Энэхүү хөтөлбөр нь зөвхөн Магистрын тэтгэлгээр хязгаарлагдахгүй бакалаврын оюутнууд, эрдэмтэн судлаачид, боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүст Европт суралцах, дадлага хийх, мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох зэрэг олон боломжийг санал болгодог.
Европын Холбооны боловсрол, сургалт, залуучууд, спортын тэргүүлэх хөтөлбөр болох Эрасмус+ нь 35 жилийн тэртээгээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2020 он гэхэд 640,000 гаруй хүн хамрагдаж, 126,900 орчим байгууллага, 20,400 орчим төслийг санхүүжиж үр шимийг нь хүртжээ.
Та тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://erasmus-plus.ec.europa.eu/ линкээр зочлон аваарай.