/2022.09.06/ Боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-2000 боловсролын бичиг баримт сэжигтэй байна. Нэгдүгээрт, дипломын дугаар давхардсан зөрчил 454 байна. Өөрөөр хэлбэл, бусдын овог нэрийг ашиглаж, гарын үсэг дуурайсан, дугаар өөрчилсөн нь тогтоогдсон. Нэг дипломын дугаараар гурван хүнд диплом олгосон байна. Хоёрдугаарт, Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан зөрчил 139 илэрлээ. Тухайн жилд их дээд сургуулиудад хуваарилагдаагүй, БШУЯ-ны системд огт байхгүй хуурамч дипломтой дугаар олгосон байна. Өмнө хүчингүй болсон дугааруудыг ашигласан нь тогтоогдсон.
Хуурамч диплом олгодог байдал хавтгайрсан байна. Хэсэг хүмүүс диплом үйлдэж, баталгаажуулж, бүртгэдэг сүлжээ үүссэн байна. Маш онц ноцтой үйлдлүүд гарлаа. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн энэ үйлдэл Эрүүгийн хуулийн зөрчилтэйд тооцогддог. Тиймээс 700 гаруй зөрчилтэй дипломын асуудлыг өнөөдөр албан ёсоор хууль хяналтын байгууллага буюу ЦЕГ-т шилжүүлж байна. Боловсролын салбар шударга, тунгалаг байх ёстой. Бид үр хүүхдийнхээ хувь заяаг зөрчилтэй дипломтой багш нараар шийдүүлж болохгүй. Тиймээс би сайдын хувьд хуурамч дипломтой сурган хүмүүжүүлэгчид байгаад хүлцэл өчиж байна.
Уг зөрчлүүдийн ихэнх нь цэцэрлэг болон бага ангийн багш нар байна. Хүүхдийн боловсролын суурь эдгээр байгууллагуудад тавигддаг. Тиймээс энэ бол маш аюултай. Хуурамч дипломтой багш нарыг ажлаас нь чөлөөлнө. Хэдийгээр манай салбарт өнөөдөр 3,000 мянга орчим боловсон хүчин дутагдалтай байгаа ч гэсэн дипломын зөрчилтэй багш нараар армиа хангаж болохгүй.
Цаашид боловсролын байгууллагаас олгогдсон бичиг баримтуудын зөрчилтэй эсэхэд шалгалт хийнэ гэв.