/2022.09.02/ Богота хотыг гуравхан жилийн дотор гайхалтай өөрчилсөн түүхийг өгүүлье.
Латин америкийн томоохон хотуудад баян, ядуугийн ялгаа, тэгш бус байдал маш их.
Хүмүүс ажилд орох, хүчирхийллээс зугатахын тулд Богота хот руу нүүн шилжих болжээ. Энд зуун жилийн дотор хүн ам нь 100 мянгаас 7 саяд хүрсэн байна. Энэ нь сүүлийн 50 жилийн дотор Улаанбаатарын хүн 500 мянгаас 1,4 сая болсны дэргэд үнэхээр том өсөлт байгаа биз?
Одоогоос арав гаруй жилийн өмнө Богота хот ямар ч гэрэлт ирээдүйгүй мэт харанхуй, иргэд нь хүсэл тэмүүлэл зорилгогүй, хүчирхийлэл ихтэй, үнэхээр аймшгийн байжээ. Яг энэ үед буюу 1997 онд Энрика Пеналоса гэх дээрх зураг дээрх этгээд хотын даргаар сонгогджээ.
Энрика Пеналоса “Тэр үед хүмүүс ямар ч итгэл найдваргүй байсан. Энд ирсэн цагаачид хүртэл өөрсдийгөө Богота хотынх гэж хэлдэггүй ичдэг байлаа шүү дээ. Гайхалтай нь өөрчлөлтийг нааштай хүлээж авсан. Миний хийсэн өөрчлөлтийн гол санаа бол хотыг машинуудад биш хүмүүст зориулах байлаа” хэмээн ярьжээ. Яг л энэ алсын хараатай өөрчлөлтийн ачаар дэлхийд хамгийн өндөрт тооцогддог байсан Боготагийн гэмт хэргийн гаралт 70 хувиар буурчээ.
Өөрчлөлтийн санаагаа тэрээр европын хотуудаар явж байхдаа анзаарч, мэджээ. Тэрээр “загас сэлдэг шиг бид алхах хэрэгтэй юм байна. Амьд үлдэхийн тулд бус аз жаргалтай байхын тулд хүмүүс алхах хэрэгтэй. Гэтэл Богота бүхэлдээ явган хүнд ээлгүй, зөвхөн машинууд л чихцэлдэн оршдог шүү дээ” хэмээн боджээ.
Хүүхдүүд осолд орж амиа алдах нь энгийн хэрэг мэт болж, амиа алдах вий гэсэн айдастайгаар өсөх болсон. Хотод хүмүүс аз жаргалтай, тайван амьдрая гэж бодож л байгаа бол машины хэрэглээг багасгах нь зайлшгүй.
ЭХНИЙ ӨӨРЧЛӨЛТ
Богота хотын гол өргөн чөлөө 120 км үргэлжлэх замыг долоо хоног бүрийн ням гарагуудад өглөө 07-14 цаг хүртэл бүрэн чөлөөлж, явган болон дугуйтай хүмүүсийн мэдэлд өгдөг байна. Энэ үеэр 1,5 сая гаруй хүн энэ замаар зорчино. Баян, ядуу, хөгшин залуу, тарган туранхай хамаагүй бүгд нэгэн дор цуглана.
“Машины хэрэглээг хязгаарласнаар хотоо илүү хүний төлөө болгож, шинэ Боготагийн эхлэлийг тавьсан” хэмээн Энрика Пеналоса ярьж байна. Пеналоса:
-Тухайн үед Японы Жайка байгууллагаас маш их төсөвтэй ажлын санал орж ирсэн. Тэр бол 7 давхар хурдны зам барих ажил байлаа. 5 тэрбум ам.доллар давсан өртөгтэй 7 давхар хурдны зам барих тэр төсөлд бид “ийм хурдны зам бид барихгүй” гэж итгэл дүүрэн хариулсан. Тухайн үед манай нийтийн тээвэр ямар ч бодлогогүй, хувь хүн болон компаниудын эзэмшлийн автобуснууд яг л галзуу юм шиг давхилддаг байлаа. Хүн суулгахын тулд замыг дураараа хааж зогсох, зорчигчдыг хүссэн үедээ замын голд ч хамаагүй буулгачихдаг байсан. Маш их осол гарч, олон хүн амиа алддаг. Тиймээс 7 давхар хурдны зам барьж байснаас нийтийн тээврийн бодлогоо л сайжруулъя гэж тухайн үед шийдсэн.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ӨӨРЧЛӨЛТ НЭН ТЭРГҮҮНИЙ ЗОРИЛГО
Тухайн үед Боготагийн нийтийн тээвэр хэдэн тэрбумын орлого олдог бизнес байсан тул мафийнхны мэдэлд байдаг байж. Гэтэл Пеналоса тэр их ашигтай бизнесийг нь нутгийн захиргаанд шилжүүлнэ хэмээн мэдэгджээ. Мафийнхны гар хөл болсон улстөрчдийн нөлөөллөөр ажил хаялт зохион байгуулагдаж, нийтийн тээврийн үйлчилгээг бүхэлд нь зогсоох хүртэл шантаажилжээ. Пеналосо тэдэнд бууж өгсөн үү?
Мэдээж үгүй. Тэр ч бүү хэл тэднийг шинээр нэвтрүүлэх системнээсээ бүхэлд нь хасч орхижээ. Харин шинэ системийн хатуу дүрмүүдийг хүлээн зөвшөөрч, нэгдэхийг хүссэн цөөн хэдэн хүнд хувьцаа эзэмших саналыг тавьсан байна.
Зөвхөн Богота хотод зориулсан автобусны систем буюу TransMilemio. Зүгээр ч нэг автобус биш маш гоёмсог өнгө дизайнтай /баян ядуугүй хүн бүхэн суух боломжийг бүрдүүлэхийн тулд/, нэрний хувьд нэг мянганаас нөгөө мянган руу шилжих гэсэн утгатай. Ингэснээр хүмүүс “автобусанд сууя” гэх биш “TransMilemio-д сууя” гэж ярьдаг болжээ. Автобусанд сууя гэснээс хамаагүй ганган сонсогдож байгаа биз. Энэ талаар Пеналосо:
-Бид хүмүүсийг “TransMilemio-д сууя” гэж ярьж заншаасай гэж хүссэн. Хэрвээ автобус гэдэг нэрээрээ байх юм бол дундаж болон дунджаас дээш орлоготой хүмүүсийг бид суулгаж чадахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, гол зорилго маань баян, ядуу хүн бүхнийг TransMilemio-оор зорчуулдаг болгох байсан юм.
Нийтийн тээврийн бүтэц нь гол бүтэц, түүнээс салбарлах бусад хэсэг гэсэн хоёр гол бүтэцтэй болжээ. “TransMilemio” үндсэн гоёмсог улаан автобус нь 160 хүнийг тээвэрлэх чадамжтай.
Харин ногоон автобус нь арай бага буюу 90 хүний багтаамжтай. Энэ ногоон автобуснууд нь хүн ам цөөтэй, залгаа автобус зорчих замын боломжгүй хэсгүүдэд үйлчилдэг.
Шинэ систем нь шилжин суухад үнэгүй. Мөн хиймэл дагуулын тусламжтайгаар байршлыг нь тогтоож, тээврийн хэрэгсэл бүрийг нь хянадаг байна. Ингэснээр өглөө, орой гэсэн хамгийн ачаалалтай цагуудад бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, харин бусад цагаар хоосон автобус явуулахгүйн тулд тоог нь багасгадаг байна.
Уг нь их энгийн, Улаанбаатарт нэвтрүүлж болмоор ажил байгаа биз?
ЯВГАН ХҮНИЙ ЧАНАРТАЙ САЙН ЗАМ
Боготагийн гол зам нь нэг том өргөн замтай тэрүүгээр зөвхөн автомашинууд зорчдог, явган хүнд зориулсан замгүйгээр баригдсан байжээ. Тиймээс энэ замыг хамгийн түрүүнд өөрчилсөн байна.
Гэхдээ хотын бүх иргэд л алга ташин өөрчлөлтийг нь хүлээн авч байгаагүй. Ялангуяа дэлгүүрийн эзэд ихээхэн дургүйцэх болж. “Автомашинтай хүмүүс л миний хослолыг худалдаж авна. Дугуйтай хүмүүс үүдээр гараад л өнгөрдөг. Машины зогсоол ч байхгүй шүү” хэмээн уурссан байна.
Харин хотын дарга эсэргүүцэгчдэд “Би нийтийн талбайг нийтэд нь буцаан өгөхийг л хүсч байна” гэдэг товч хариу өгч, бүр ч их дургүйг нь хүргэсэн байна. Ингэснээр Пеналосог огцруулах дэлгүүрийн эзэд болон улстөрчид гэсэн томоохон бүлгэм ажиллаж эхэлжээ. Нийтийн талбайгаас машинуудыг гаргахыг хүссэн хотын даргыг буруутган, бараг л ял оноохоор болж.
Гэвч бусад бизнес эрхлэгчдийн дунд амьдралын чанарыг сайжруулж, хотоо сайхан болгохын тулд хохирол амсахад ч бэлэн хүмүүс байсан нь сайн хэрэг. Тэд хотын даргын зоримог ажиллагааг дэмжжээ.
Пеналосо:
-Миний мэдлийн мөнгө хязгаартай. Тэр хязгаартай мөнгөөр би хотынхны 15 хувьд нь буюу машинтай хүмүүст л хэрэгтэй шийдвэрийг гаргачихаж болохгүй. Харин ядуу эрх нь зөрчигдөн амьдарч байгаа 1 сая гаруй хүн Боготад амьдарч байна. Тэд өдөрт 1 доллар ч хүрэхгүй мөнгөөр амьдралаа залгуулдаг. Гэтэл тэр хүмүүст хэрэгтэй цэвэр ус, бохирын дэд бүтэц, сайн зам зэргийг нь хангаж өгөхгүйгээр хурдны зам барихад 5 тэрбумд доллар зарцуулах нь ёс суртахуунгүй хэрэг болно гэжээ.
Ингээд хамгийн ядуу дүүрэг рүү очих шороон замыг асфальтан зам болгож, бороо оронгуут бохир хальдаг байсан хэсэгт бохир соруулах хоолойнуудыг бий болгож, ядуусын дүүрэгт номын сан, кинотеатр, явган хүмүүс, дугуйн зам, автомашины зам, нийтийн талбайнуудыг байгуулжээ.
Пеналосо:
-Хүмүүс нийтийн талбай яагаад чухал юм бэ гэж надаас асуудаг. Баян хүмүүс бол хүссэн үедээ зусландаа гарна, өөрийн эзэмшлийн талбайдаа алхана, ресторан бааруудаар үйлчлүүлнэ. Гэтэл ядуу хүмүүст юу байгаа билээ. Тэдэнд телевиз үзэхээс өөрөөр чөлөөт цагаа өнгөрүүлэх ганцхан газар нь нийтийн талбай л байгаа шүү дээ.
Аламейда гэх 3 сая хүнд зориулсан нийтийн талбай нь 17 км урт үргэлжилдэг. Сагс, хөлбөмбөгийн талбай, дугуйн зам, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдүүдийн тоглоомын талбайнууд гээд хүнд шаардлагатай бүх зүйл бий. Аламейда Богатогийн хамгийн их гэмт хэрэг, хүчирхийлэлтэй хэсэг байсан. Харин энэ гудамж баригдсаны дараа хотын уур амьсгал бүхэлдээ өөрчлөгдөж, хамгийн аюултай хэсэг байхаа ч больжээ. Энэ бол амьдралын чанар сайжирсан үзүүлэлт юм. Хүмүүс өөрсдөө хуулиа дээдлэх болж, хууль зөрчиж байгаа нэгэндээ шүүмжлэлтэй хандах болжээ. Пеналосо бүр өөрөө ч цагдаагийн үүргийг гүйцэтгэн гудамжинд алхах нь ч их байжээ.
Ийнхүү Пеналосо гэх хотын дарга гуравхан жилийн дотор жинхэнэ утгаар нь “аз жаргалтай хот”-ыг бий болгож чаджээ. "Гэвч бид асуудлуудаа 100% шийдчихсэн юм биш" хэмээн ярих Пеналосо өдгөө Богота хотын даргаар дахин сонгогдон ажиллаж байгаа билээ.
Ийм урт зүйлийг дуустал уншсанд баярлалаа.
Мэдээллийн эх сурвалж: Блүүмберг тв "Ногоон хот" цуврал. Бусад гадны сайтуудаас орчуулж мэдээллийг нэгтгэсэн болно.