ШУУД: УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ

/2022.08.24/ УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэ оны хоёрдугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Эрх баригчдын захиалгаар ҮХЦ-ийн 9 гишүүнээр могой бариулж Үндсэн хуулийг хямралд оруулах нөхцөл бүрдээд байна. Би үүнийг маш олон хэлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтэд яагаад бид нарын саналыг тусгахгүй байгаа юм бэ. Хүмүүсийн гаргасан гомдлыг дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэлгүй олонхоороо шийдчихлээ. ҮХЦ хуулийн дагуу 10 хоногийн өмнө дунд суудлын хуралдаан хийнэ гэж зарлаж хүнээ томилсон. Гэвч хуралдаан болохоос нэг хоногийн өмнө шийдвэрээ өөрчилж их суудлын хуралдаан хийж байгаа ийм арчаагүй ҮХЦ-ийн шийдвэрийг яагаад дагах ёстой юм бэ. ҮХЦ-ийг татан буулгаж, хариуцлага тооцохгүй юм уу. 9 хүн монголын төрийн мэддэг болчихвол сонгууль хийж, та бид нар энд суугаад яах юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд олон гишүүн асуулт асууж үг хэлсэн. Дуусаад шууд чуулган хуралдаж байна. Цаг хугацааны хувьд хэлсэн үг, асуулт бүрийг тусгах боломжгүй байна. Гэхдээ бүгд протоколд тэмдэглэгдэн, архивт үлдэж байна. Чуулган дээр ч үг хэлэх эрх байгаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Энэ асуудлыг босгож ирсэн хүн нь би мөн үү, мөн. Энэ асуудал маань зөв үү, буруу юу гэдгийг ажлын хэсгийнхнээс асуумаар байна. Нэгдүгээрт, Монгол Улс ардчилсан улс байх уу? Цаашаа энэ улсыг бэхжүүлээд явахын тулд парламентын ардчиллаа бэхжүүлэх үү? Хойд, урд хил хаалттай. 3,5 сая иргэдтэй. Хоёр том хөрштэй, 76 гишүүнтэй давжаа чуулгантай.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Ажлын хэсгээс асууя гэж зориуд хэлж байна. Миний асуудал тавьсан нь зөв юм уу, буруу юм уу гэсэн. Зөв бурууг бид хэлэхгүй, энэ чинь та бүхний эрхийн асуудал шүү.

Ж.Мөнхбат:

-Ер нь бол парламентын ардчиллыг хөгжүүлье гэж ярьж байгаа нь зөв өө. Дэлхий дахинд ийм байна. Үүнийг бэхжүүлэхийн тулд улстөрийн олон намын дуу хоолойг хүргэх нь зөв.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Бүх зүйл хууль дээдлэх ёс зарчимд нийцэх ёстой. Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт асуудлыг бид хэлэлцэхгүй. Тэр нь хуулийн дагуудаа л явна. Хуулиа дээдэлж ажиллана шүү. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслөөрөө асуудлаа хэлэлцэнэ. Энэ бол нэг намын асуудал биш, нийт ард түмний нийгмийн гэрээ гэдгээ ойлгож явах ёстой гэдгийг дашрамд сануулъя. Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, УИХ-ын гишүүдийн тоог шууд өөрчлөөд явахгүй ээ. Хуулийнхаа хүрээнд хуулиа санаачлаад, ажлын хэсгээ байгуулаад яваарай.

С.Ганбаатар:

-МАН өөрсдийгөө булшилсан. Та нар одоо дууссан. Та нар Үндсэн хуульд халдаж, төрийн эрхийг хууль бусаар авах булай ажлыг хийлээ. Би гурван зүйл хэлмээр байна. Энэ бүхний үр дүнд сайдын суудалд тачаадсан хэдэн нөхдийн хүсэл л хангагдах байх. Энэ УИХ-ын гишүүн болохдоо бид төсөв, хууль батална гэсэн. Одоо мөнгө захиран зарцуулдаг тачаадсан эрх мэдлийг цэцийн хэдэн долдой нараар захиалга хийж авлаа. Монголын ард түмэн бүгдийг нь уншиж байгаа. Үндсэн хуулийн эзэн нь ард түмэн. Ард иргэд бидэнд 500-600 хууль батлах эрх мэдэл өгсөн. Нүдний булай л болж байна даа бид.

Хоёрдугаарт, Үндсэн хууль бол ард түмний гэрээ. 9 хүн энд халдах ёсгүй. Би 100 мянган Эрдэнэтчүүдийн бүтээл. Харин тэр 9 хүн бол улстөрчдийн бүтээл. Тэр хүмүүст эрх мэдлээ өгч байгаа бол УИХ тарах цаг нь болсон.

Гуравдугаарт, бид Үндсэн хуулиа хамгаалах ёстой болсон. Ёс зүйн хувьд энэ аюултай асуудлыг таслан зогсоох цаг болсон. Сайдын суудлаас болж "хүн алах нь ээ".

Б.Бат-Эрдэнэ:

-Өмнө гарч байсан шийдвэрүүд Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Энэ удаад Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтуудыг хүчингүйд тооцож, тэр нь асуудал дагуулаад байна. Үндсэн хуулийн цэц цаашдаа ийм шийдвэрүүд гаргаад байх юм уу? Энийг нь хааж өгсөн хууль эрхзүйн зохицуулалт байх уу гэдгийг хэлээч. 2019 оны ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтөөр бид УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсарч ажиллах тоо хэмжээг 4 гэж тохирсон биз дээ. Тэгээд хоёр жил хүрэхгүй л үүнээсээ ухрах гээд байх юм. Дахиад бүгдээрээ давхар албан тушаал хаших гээд чичирцгээгээд байх юм. Үүний цаана улс орны чин нөхцөл байдал ямар байна? Нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллуулахгүй ингээд байдаг нь ямар учиртай юм бэ. Хараад байхад Ерөнхий сайд залуу шинэ зүйлсийг сэдэж, олон урхагшсан асуудлыг шийдье гээд байна. Яагаад ажлыг нь хийлгэхгүй байгаа юм бэ. Хөтөлийн цементийг улсад автал л УИХ-ын гишүүд "сайхан сайхан" нэр зүүж, эрхэнд халдлаа гээд л гүйцгээгээд байгаа нь харагдаад байх юм.

Ц.Сандаг-Очир:

-Би хуульч биш л дээ. Гэхдээ бас гадарлана. Яагаад өнөөдрийн хуралдаанд цэцийн гишүүдийг оролцуулаагүй юм бэ. Асуулт асуухаар хэнээс хариулт авах нь тодорхойгүй. Манай энд суудаг туршлагатай парламентч хуульчид дэмжээд байх юм. Хэдэн сайд нарыг солих гэж л явж явж Үндсэн хуульд гар хүрэх гээд байгаа юм болов уу даа гэх дүгнэлтэд хүрч байна. Оюун-Эрдэнийн засгийн газар маш сайн ажиллаж байгаа гэж харж байна. Их том өр төлөөсөөр Засгийн газрыг өөрчлөх нь л дээ. Урхаг нь энэ төрд ямар том үүд хаалгыг нээж байна гэдгийг бодож тооцоолж байгаа хүн байна уу.

Н.Энхболд:

-Санал юм даа, Сандаг-Очир гишүүнийх. Хуульчид, гишүүд дагалдаж гүйж байгаа асуудал биш. Цэцийн гаргасан шийдвэрт хүн бүр өөрийн байр суурь дүгнэлттэй байгаа. Нэгэнт шийдвэр гарлаа, цэц өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хууль тогтоомжийнхоо хүрээнд хуулиар хориглоогүй эрх, үүрэг хариуцлагаараа эцсийн шийдвэрээ гаргажээ. Энийг нь бид аваад явъя гэхээр бидний хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуультай зөрчилдөөд байна. Тэгэхээр энийг яаж маргаангүй болгох вэ гэдэг үүднээс л УИХ-ын даргын санаачлагаар байгуулагдсан Ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Улс орныг цэц удирдаад байна уу, УИХ удирдаад байна уу гэдэг асуултад зайлшгүй хариулах шаардлага үүслээ. Улс орнууд янз бүр байдаг юм билээ. 1992 оны Үндсэн хуульд УИХ-ын гишүүн сайдыг хавсарч болно гэж заасан заалт байдаг. 30 жил энэ заалт мөрдөгдсөн шүү. Цоо шинэ зүйл гаргасан зүйл байхгүй.

Д.Ганбат:

-Үүний үр дагавар маш хүнд. Би ҮХЦ-ийг гэмт хэрэг хийсэн гэж үзэж байна. Үүний захиалагч нь хэн бэ. Та нар юу гэж бодож байна. Энэ гэмт хэрэг цааш үргэлжлээд төгс төгөлдөр болох гээд байна. УИХ шалгуулах ёстой юм биш үү. Ард түмнээс мандат аваад сууж байгаагийн хувьд би шалгуулна. Манай нам ч гэсэн шалгуулах байх.

Бүх зүйлийг эсрэгээр нь шийдэж байна. Авлига, албан тушаал, гэмт хэрэг гэдэг ердийн зүйл болчихсон. Би ҮХЦ-ийн гишүүдийг өөрсдөө ийм зүйл хийгээгүй гэж бодож байна. Цаанаас нь хүмүүс захиалсан байх. Улс төрийн хүчин ч байж мэднэ, ямар нэг хүмүүс ч байж мэднэ. Ард түмэн юу гэж бодож байгааг тэднээс асуух ёстой. Та нар ард түмнийг ингэж доромжилж болохгүй. Үүний үр дагавраар маш олон сайд солигдох байх. Энэ бүхнийг чинь иргэд даахгүй шүү.

Н.Алтанхуяг:

-Энэ хэрэг захиалгатай юм биш үү. Та нар захиалагчийг нь олох ёстой юм биш үү. Энэ монголын төрд маш том хар толбо болно. ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Та нар захиалаагүй юм бол ҮХЦ-ийн 9 гишүүнийг дуудаж авчирч огцруулах ёстой. Бид ингэж улс орон, ардчилал, тусгаар тогтнолоо хамгаалах ёстой.

Надад нэг хүсэлт байна Г.Занданшатар дарга аа. Нэгдүгээрт та, хоёрдугаарт Ерөнхийлөгч, гуравдугаарт Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, та нар одоо завсарлага авчих. Би та нараас үнэхээр гуйж байна. Үүнийг кнофдож, шийдэж байгаа дүр үзүүлж явах нь Монгол Улсын тусгаар тогтнолд асар их хор хөнөөлтэй. Юу ч болж мэднэ. Гуйж байна, та нар завсарлага авчих л даа.

Миний санал бол ҮХЦ-ийн гишүүдийг огцруулмаар байна. Хэдүүлээ одоо больё.

С.Энхболд: Хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдол 864 бүртгэгдлээ
С.Энхболд: Хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдол 864 бүртгэгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.