Давхар дээлний асуудлаар АН-аас УИХ-ын даргад албан бичиг хүргүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Давхар дээлний асуудлаар АН-аас УИХ-ын даргад албан бичиг хүргүүлжээ

/2022.08.24/: Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгээс Хуулийн цэцийн гаргасан давхар дээлний асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлжээ.

Тус албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа нэр бүхий иргэдээс санаачилж, Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээллийн дагуу Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж 2022 оны 02 дугаар тогтоол гаргасан нь хууль хэрэглээний ойлгомжгүй байдлыг үүсгэж байна.

Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй цорын ганц институц бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй нь саналаар батлана”, Жаран есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гэж тус тус заасан.

Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолыг Улсын Их Хурал хэлэлцэх хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй тул уг тогтоолын дагуу Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн уг эхийг нотлон баталгаажуулах, Үндсэн хуульд кодификац хийх, албан ёсны эх болгон хадгалах, хэвлэн нийтлэх боломжгүйд хүрч, хууль зүйн хувьд энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол Үндсэн хуулийн тодорхойгүй байдал, улс төр, эрх зүйн хямрал үүсэх нөхцөл бүрдээд байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ … Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” , Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ … Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.” , Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэнтэй нийцэхгүй байх тул хүчингүй болгосугай. гэсэн нь Үндсэн хуулийн хямралыг үүсгэж байгаа тул үүнийг Улсын Их Хурал нэн даруй засах нь зүйтэй гэж үзэж байна..

Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолыг Улсын Их Хурал агуулгын хувьд хэлэлцэх хууль зүйн боломж, дэгийн зохицуулалт байхгүй тул хууль хоорондын зөрчлыг арилгах шаардлагатай гэж үзэж байна.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ.”, Хорьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасны дагуу уг тогтоолд хамаарах асуудлыг хэлэлцэхийн тулд хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг санаачлах шаардлага үүсч байна.

Иймд Үндсэн хуулийг дээдлэн сахих зарчим, түүнийг чандлан сахих баталгааг хангах үүднээс Үндсэн хуулийн жаран наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.” гэж заасны дагуу 2022 оны 02 дугаар тогтоол гаргасантайгаа холбогдуулан уг тогтоолд хамаарах саналаа Усын Их Хуралд ирүүлэх шаардлагатай байгааг Үндсэн хуулийн цэцэд уламжилж өгөхийг Улсын Их Хурлын дарга Танаас хүсье!

No photo description available.No photo description available.

Эх сурвалж: АН-ын бүлэг

Улаанбаатар хотод Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлнэ
Улаанбаатар хотод Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлнэ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.