/2022.08.19/: Монголын бадминтон сонирхогчдын холбооноос зохион байгуулж буй “Mongolia International challenge-2022” олон улсын тэмцээн Спортын төв ордонд болж байна.
Тэмцээнд 15 орны 172 тамирчин ганцаарчилсан, хос, холимог хосын төрөлд “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн онооны төлөө өрсөлдөж байна. БНСУ-аас 25 тамирчин хүрэлцэн ирсэн нь хамгийн олон оролцогчтой баг болов.
Энэ удаагийн тэмцээнд зохион байгуулагч Монголоос гадна Англи, АНУ, Азербайжан, Унгар, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Казахстан, БНСУ, Малайз, Тайвань, Тайланд, Сингапур улс тамирчидаа илгээжээ.
Баг тамирчидаас хамгийн өндөр чансаатай нь ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын тамирчин Сон Ван Хо бөгөөд тэрбээр цагтаа дэлхийн чансааг тэргүүлж явсан удаатай. Тус тэмцээний нээлтийн ёслол өчигдөр болсон бөгөөд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, МҮОХ-ны ерөнхийлөгч, Монголын бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нарын хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирсэн юм.
Эх сурвалж: БТСУХ