БОУАӨЯ | Япон Улсаас түймрийн дараах нөхцөл байдлыг үнэлнэ
 

БОУАӨЯ | Япон Улсаас түймрийн дараах нөхцөл байдлыг үнэлнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн экологийн хохирол, үр дагаврыг үнэлэх, байгалийн экосистемийн сэргэн ургалтыг дэмжих, нөхөн сэргээх болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна.

Энэ нь талуудын гурав дахь удаагийн уулзалт бөгөөд Японы талаас түймрийн дараах нөхцөл байдлыг үнэлж, байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардлагатай дэмжлэгийг тодорхойлон, хамтран ажиллахад анхаарч байгаагаа Элчин сайд Игавахара Масарү илэрхийлжээ. Мөн экосистемийн сэргэн ургалт, нөхөн сэргээлтэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.
Сайд Ц.Сандаг-Очирын мэдээлснээр, Монгол Улсын Засгийн газар Нөмрөгийн дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдлыг анхаарлын төвд байлгаж, асуудлыг Засгийн газрын хуралдаан бүрээр хэлэлцэн шаардлагатай шийдвэрүүдийг гаргаж байгаа аж.

Түүнчлэн түймрийн экологийн үр дагаврыг олон улсын түвшинд хэлэлцүүлж, ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Чех Улсын төлөөлөлтэй уулзсаны үр дүнд гадаадын эрдэмтэн, судлаачдын мэргэжлийн дэмжлэг авах чиглэлээр тохиролцоонд хүрчээ.
Цаашид гал түймрээс урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх, орон нутгийн хамгаалалтын байгууллагуудыг техник, тоног төхөөрөмжөөр хангах, зам харилцааны хүртээмжийг сайжруулах шаардлагатайг уулзалтын үеэр онцолсон байна.

Харин Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн шалтгаан, нөхцөлтэй холбоотой хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа аж.

Г.Дамдинням урд, хойд хөрштэйгөө ч, улс доторх иргэдтэйгээ ч ТОХИРОЛЦОЖ чадсангүй
Г.Дамдинням урд, хойд хөрштэйгөө ч, улс доторх иргэдтэйгээ ч ТОХИРОЛЦОЖ чадсангүй
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.