Г.Дамдинням урд, хойд хөрштэйгөө ч, улс доторх иргэдтэйгээ ч ТОХИРОЛЦОЖ чадсангүй
 

Г.Дамдинням урд, хойд хөрштэйгөө ч, улс доторх иргэдтэйгээ ч ТОХИРОЛЦОЖ чадсангүй

Төрийн шагналт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо шатахуунтай холбоотой асуудал улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал болсон байж болзошгүй талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлжээ.

Энэ тухай тэрээр ""Тусгаар тогтнолоо бензинээр тулчих уу" гэж түншээд байна уу!!!" хэмээн бичсэн байх бөгөөд энэхүү асуудал манай улсын хамгийн эмзэг сэдэв болчхоод буйг илтгэж буй хэрэг. Иргэд бензиний үнийн өсөлт болон хомстлоос шалтгаалаад гаднын шатахуун түгээх станцуудыг оруулж ирэх шаардлага тавиад байгаа. Энэ нь хуулийн дагуу боломжгүй зүйл болохыг эрх баригчид учирласаар байгаа. Гэсэн ч шатахуунаас тусгаар тогтнолоо тавиад туучихад ч бэлэн болсон иргэдийн бухимдлыг яалтай. Иргэдэд хамгийн гол нь шударга өрсөлдөөн, түүнийг дагаад ирэх үнэ буурах үзэгдэл, хүртээмжтэй байдал л чухал болчхоод байна.

Харин шатахуунтай холбоотой асуудалд холбогдох талууд өөр өөр байр суурь илэрхийлсээр буй. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Шатахууны шуурхай штабын зүгээс "шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийж байгаа, нийлүүлэлт удахгүй хэвийн болно, нийлүүлж буй шатахуунд чанарын асуудал байхгүй, шатахууны үнийг 100 төгрөгөөр ч болов бууруулна" хэмээгээд байгаа. Тэр ч бүү хэл иргэдийг энгийн АИ92 автобензинээс татгалзвал зохилтой гэх утга бүхий зүйл салбарын сайд нь ч хэлээд амжсан.

Үүний зэрэгцээ ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков Монголд үүссэн шатахууны хомсдолыг нийлүүлэлтийн тасалдал бус, хадгалалт болон түгээлтийн хүндрэлтэй холбон тайлбарлахын сацуу үнэ ч мөн огцом нэмэгдээгүй болохыг мэдэгдээд байгаа. Олон улсын хэвлэлүүдээр ч мөн ОХУ-д шатахуун хэвийн байгаа талаар мэдээлж байгаа ч яагаад ч юм манай улсад л хомстол арилах нь бүү хэл үнэ нь нэмэгдэж, иргэдэд албан хүчээр шахам евро стандартын АИ92 болон АИ95 автобензин шахахаар "чичирч" байгаа гэхэд хилсдэхгүй. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын хувьд урд, хойд хөрштэйгөө ч тэр, улс доторх иргэдтэйгээ ч тэр тохиролцож чадахгүй байгааг бид нүдээрээ харж, биеэрээ мэдэрч сууна. Түүнд дэд сайд томилж өгсөн. Дэд сайд Б.Мөнхтамиртаа шатахууны асуудлаа даатгасан Г.Дамдинням дорвитой шийдэл олохгүй бол горьгүй нь.

Ямартай ч одоогийн байдлаар хамгийн эмзэг сэдэв болоод буй автобензин араасаа олон асуудал дагуулж буй. Харин эрх баригчид болон энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд зохицуулалт хийж чадахгүй ард иргэдийг "янаглан хорлож", үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа нь ийнхүү иргэдийг тусгаар тогтнолоо худалдахад ч бэлэн байдалд хүргээд байна.

Ж.Сондор

Х.Нямбаатар төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ мэдэгдлээ
Х.Нямбаатар төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ мэдэгдлээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.