
Францад ахлах ангийн сурагчдын боловсролын салбарын нөхцөл байдлыг сайжруулахыг шаардсан эсэргүүцэл улс орон даяар үргэлжилж, нөхцөл байдал хурцдаад байна.
Аравдугаар сарын 5-ны байдлаар 400-500 орчим сургууль хичээлээ бүрэн болон хэсэгчлэн зогсоогоод байгаа бөгөөд сурагчид, үйлдвэрчний эвлэлүүд 10-р сарын 6-нд дахин томоохон жагсаал хийхээр төлөвлөжээ.
Сурагчид багшийн хомсдол, анги дүүргэлт их, сургуулийн барилга байгууламжийн нөхцөл муу, эмч сувилагчийн хүрэлцээ болон их сургуульд элсэлтийн Parcoursup системийн дарамт зэрэг асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байна.
Гэвч зарим хотод эсэргүүцэл хүчирхийллийн хэлбэрт шилжиж, сургуулиудын үүдийг хаах, эд зүйл шатаах, цагдаа руу халдах, багш нар халдлагад өртөх зэрэг хэрэг гарчээ. Үүний улмаас хөдөлгөөн эхэлснээс хойш 5,000 гаруй хүн баривчлагдсан бөгөөд тэдний 85 орчим хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Парис болон бусад хотод цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэж, зарим газарт жагсагчид салют болон бусад зүйлсийг цагдаагийн шугам руу шидэж, хогийн сав, эд зүйлс шатаасан байна. Ла-Сиотад хотод нэгэн багш руу шатахуун цацаж, зодсон хэрэг гарсан бол Белфорт хотод цагдаагийн ажилтан бүлэг залуусын халдлагад өртсөн хэрэг мөн гарчээ.

Гэхдээ жагсагчдын дийлэнх нь тайван хэлбэрээр шаардлагаа илэрхийлж байгаа бөгөөд хүчирхийлэл нь хөдөлгөөний бүх оролцогчийг төлөөлөхгүй гэдгийг сурагчдын байгууллагууд онцолжээ.
Францын Боловсролын яамны мэдээллээр 24 сургууль галд өртсөн буюу эвдэрч сүйдсэн, 78 боловсролын салбарын ажилтан гэмтжээ.
Боловсролын сайд Эдуар Жеффрэй сурагчдын тавьж буй зарим шаардлагыг ойлгож байгаа ч жагсаалын үеэр гарч буй хүчирхийллийг эрс буруушаан "Хэт зүүний улс төрийн идэвхтнүүд сурагчдын хөдөлгөөнийг турхирч, тэднийг хүчирхийлэл рүү түлхэж байна" хэмээн мэдэгдсэн байна.

Харин зүүний хүчнийхэн Засгийн газрыг боловсролын салбарын олон жилийн асуудлыг шийдэхийн оронд цагдаагийн хүчээр эсэргүүцлийг дарахыг оролдож байна хэмээн шүүмжилж байгаа юм.
Ингэснээр сурагчдын анх эхлүүлсэн хөдөлгөөн боловсролын асуудлаас хальж, Францын дотоод улс төрийн томоохон маргаан болоод байна.
Ийнхүү анх сургалтын орчин, багшийн хүрэлцээний асуудлаар эхэлсэн хөдөлгөөн нь боловсролын тэгш бус байдал, улсын төсөв, залуусын ирээдүй болон Засгийн газрын бодлоготой холбоотой үндэсний хэмжээний томоохон маргаан болж өргөжөөд байгаа ажээ.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.