
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан өнгөрсөн баасан гарагийн Төсвийн байнгын хорооны чуулганы үеэр гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой асуудлын талаар ярих үед чуулганыг орхин гарсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Энэ тухай тэрээр "Өнөөдөр чуулган хуралдаж төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг 2026 оны төсвөөс хассан байсныг оруулж ирсэнтэй холбогдуулан өнөөдөр нэмэлтээр хуралдаж байгаа.
Өнгөрсөн тав дахь өдөр та бүхэн харсан. Төсвийн байнгын хороо болон чуулган дээр ямар асуудал гарсан бэ гэвэл хүний эрх ярихаар гараад явчихдаг, хөрөнгө мөнгө ярихаар бүгд сууж байдаг. Тэр дундаа Засгийн эрх, сайдын суудал ярьвал ирц зуун хувь байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьд явах эрхийн тухай ярихад бүгд заалнаас гарч явсан. Тэр дундаа Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир эсрэг санал өгөөд гарч явсан нь маш эмгэнэлтэй.
Өнөөдрийн чуулганаар үүнийг харцгаая. Сонгуулийн үеэр нүүрээ харуулдаг хүмүүс бусад үед бөгсөө харуулаад явж байна. Өнөөдрийн чуулганаар хэн нь хэн бэ гэдгийг харцгаая.
Ардчилсан намын бүлэгт би хүсэлт гаргаж байна. Салбарынхаа асуудлыг шийдэж чадахгүй байгаа хүний эрхийн зөрчилтэй Т.Аубакир сайдыг ажлаа өгөхийг шаардаж байна. Энэхүү саналаа би мөн Ерөнхий сайдад тавина" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.