
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дүүргийн эмнэлгүүдийн өвөлжилтийн бэлтгэл, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангаж, дархлаажуулалтыг нэмэгдүүлэх, эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зэрэг асуудлаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалжээ.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Бямбасүрэн “Энэ оны зургаадугаар сарын байдлаар БГД-ийн Эрүүл мэндийн төвд хорт хавдрын 2672 тохиолдол хянагдаж байна. Энэ нь өмнөх онуудаас 4-5 дахин ихэссэн. Хөнгөвчлөх эмчилгээний 10 ор хүрэлцдэггүй. Тиймээс засвар өргөтгөл хийж, 25 ор ажиллуулах шаардлага байна. Хөнгөвчлөх тасаг, мэс заслын өрөөний хүчин чадалтай уялдуулан хүчилтөрөгчийн үйлдвэр барих хэрэгцээ бий. Хүчилтөрөгчийн үйлдвэр барихад Эрүүл мэндийн төвийн хашаан доторх “ХТП – 3168” трансформаторын дэд станцыг нүүлгэн шилжүүлэх зэрэг шийдэл хайж байна. Баянгол дүүргийн хэмжээнд бөөрний архаг дутагдалтай 52 өвчтөн байдаг. 2016 онд диализын дөрвөн аппарат шинээр суурилагдсан. Үүнээс хойш огт шинэчлээгүй, ачааллаа дийлэхгүй байгаа” гэлээ.
Мөн Баянгол дүүрэгт томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 54.2 хувьд хүрчээ. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Томуугийн эсрэг дархлаажуулалтын үр дүнд эмнэлэгт өвчлөл 20 хувь, хэвтэн эмчлүүлэх 30 болон түүнээс дээш хувиар буурах боломжтойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалсан байдаг. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт үр дүнтэй явагдаж байна. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 12 эрүүл мэндийн байгууллагад 772 хүүхдийн тусламжийн ор дэлгэсэн байна. Томуугийн дэгдэлтээс хамаараад 115 хувь буюу 1607 ор хүртэл дэлгэхээр төлөвлөсөн” гэв.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.