Б.Найдалаа: ТЕНДЕР ба АУКЦИОН хоёр тэмээ ямаа хоёр шиг ялгаатай
 

Б.Найдалаа: ТЕНДЕР ба АУКЦИОН хоёр тэмээ ямаа хоёр шиг ялгаатай

УИХ-ны гишүүн М.Энхцэцэг Эрчим хүчний сайд болон Эрчим хүчний яамнаас зохион байгуулж буй сэргээгдэх эрчим хүчний багц аукционуудыг "бичиг баримтад тулгуурлаагүй, ТЭЗҮ болон техникийн нарийвчилсан тооцоо, шаардлагагүйгээр явуулж байна" хэмээн шүүмжилсэн.

Тэгвэл энэхүү шүүмжлэлд Эрчим хүчний сайд Б.Найдалаа дараах тайлбарыг хийжээ.

Тэрээр "За нэг юм бичихээс... Дуугай байх тусам зарим нэг хүн бүр галзуураад, улайраад явж байгаа бололтой.

Монгол Улс өнөөдөр 14 чиглэлээр эрчим хүч импортолдог. Оросоос 6, Хятадаас 8 цэгээр. Хилийн боомт болгоноо, эдийн засгийн өсөлт, жижиг том төсөл, бизнес хэрэглээ нэмэгдэж буй тэр хэсэг болгоноо л өөрсдөө чадахгүй гаднаас эрчим хүчээ гуйж, өндөр үнэ төлж тэжээж байна гэсэн үг. Бид цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 22%-ийг гаднаас хангаж бна. Энэ зүгээр гэж үү?

Оюу толгой 2013 оноос хойш жилд 140 сая орчим доллараар 2 тэрбум кВц эрчим хүч импортолсоор ирсэн. Манайд хангах эх үүсвэр байхгүй, Тавантолгойн станц барина, бариулна, барихгүй гэж бараг 20 жил хэрүүл хэл ам хийсээр таг гацаж зогссон.

Улсаараа 22%, Оюу толгой 100% гаднаас хараат байгааг аль болох хурдан эх үүсгүүр барьж дотоодоосоо хангах, алдаж буй орлогыг дотооддоо авах, эрчим хүчээр хараат бус болох нь Монгол Улсын хөгжлийн болон эрчим хүчний эн тэргүүний эргэлзээгүй бодлого. ОТ бол зөвхөн эхлэл, ар араас нь явах томоохон төслүүд хүлээж буй. Энэ бодлогын хүрээнд зургаан багц сэргээгдэхийн аукцион зохион байгуулж байгаа. Анхны таван аймгийн, Баруун бүс, Зүүн бүс, Говийн бүсийн 2 багц, 8 аймгийн 21 сумдын багц гээд. Мөн үүнтэй хамт ДЦС-3, ДЦС-4, ДЦС-5, ДЦС-6 эх үүсгүүрүүдийг шинээр барих болон өргөтгөх, шинэчлэх ажлыг зэрэг зэрэг шамдуулан явуулж байгаа. Сэргээгдэхийн шинэ төслүүд болон уламжлалт дулааны станцуудаа аль оновчтой хувилбараар нь шуурхай явуулна, явуулж байна.

Эдгээрийн нэг нь Оюу толгойн хэрэглээг дотоодоос хангах аукцион. Энэ жил 7 сард ашиглалтад өгсөн Зэс-Оюу хуваарилах байгууламж ашиглалтад орсноор дотоодын системээс ОТ-г хангах техникийн суурь нөхцөл сая л дөнгөж бүрдэж байгаа юм. Одоо бид энэ боломжоо цаг алдахгүй ашиглах ёстой.

Иймд, Оюу толгойн жилийн 1.3 тэрбум кВц хэрэглээг 99.5% найдваржилттай эрчим хүчээр яаж хангах техникийн нөхцлөө хувийн хэвшил, оролцогч хөрөнгө оруулагчдыг өөрсдөө гаргаад ир, тэрэн дээр нь үнэ хаялцуулж нээлттэй шийдье гэсэн үг. Тодорхой чадал заах шаардлагагүй, болохгүй нь энэ юм. Үнэндээ, энэ жирийн биш 99.5% найдваржилттай эрчим хүчээр хангах нь техникийн хувьд ч, өртөг зардлын хувьд ч өндөр байхаар ажил. Энэ төслийн техник, горимын тооцооллыг журам дүрмийн дагуу мэргэжилтнүүд (ДҮТ) хийж хаана холбож ямар чадал нийлүүлэх, аукционыг хаана яаж зарлах тооцоо судалгааг хийсэн гэсэн үг. Мөн Аукционы талаар хуультай, бас журамтай, өмнө нь 5 аймгийн аукцион амжилттай явуулсан туршлагатай ажлын хэсэг энэ аукционыг зохион байгуулж байгаа хариуцлагатай ажил юм шүү. Эдгээр аукционууд болон ДЦС-уудыг барьж байгуулах байршил, хэмжээ, хэлбэр гээд эрчим хүчний бодлого, дараалал бас эрхбиш байна. Зүгээр нэг зүүдлээд хийдэг зүйл биш!

Нэг юм онцолж хэлье. ТЕНДЕР ба АУКЦИОН хоёр тэмээ ямаа хоёр шиг ялгаатай. Манай М.Энхцэцэг гишүүн өөрийнхөө сайн мэддэг ТЕНДЕРтэй хутгаж ойлгоод, гадуур тэрийгээ цуурч олны толгой эргүүлчих гээд байгаа бололтой. Аукцион бичиг баримтад тулгуурласан ба тулгуурлаагүй гэж хоёр янз байна. Манай аукционууд бүгд бичиг баримтад тулгуурлаагүй нь бөгөөд ТЭЗҮ шаарддаггүй, бичиг баримтаар өөлж унагаж хасдаггүй юм. Үүнийг ойлгохгүй учир өнөө сурсан дадсан, гаршсан тендертэйгээ хольж хутгаад мунгинаж мушгиад байгаа бололтой. Бас улс төрийн тусгай даалгавар, хувийн сонирхол ч байгаа бизя, ямар ч байсан ярьж мушгиж буй болгонд нь тов тодорхой хариулт, тоо судалгаа, бодлогын үндэслэл бий.

Аукцион ба тендер рүүгээ эргэн орьё. Аукцион ил тод нээлттэй учир маргаангүй шийдэгддэг, үнэ тариф нь ч бага болно. Тавантолгойн станц аль тэртээ 2012 он, Оюу толгой ашиглалтад орохоос өмнө яригдаж эхлээд гацсан шалтгаан нь тендерийн хэрүүл маргаан, шүүхдэлт, улс төржилт, бас л нэг гацаагчдын хорлолын үр дүн биз. Тавантолгойн станцын түүх бол олон ангит кино, үлгэр домог шиг урт эмгэнэлтэй түүх бий. Мэдсээр байж энэ түүхийг давтаж гацаагчдын амаар ахин орохгүй. Харин Аукцион бол өөр, хурдан бөгөөд ил тод, шударга шийдэж чадна, гацаах боломжгүй. Аукцион болсон л бол ажил нь маргаашнаас нь эхлэнэ. Онцлон хэлэхэд, ингэлээ гээд Тавантолгойг зогсоогоод байгаа явдал биш, эрэмбэ дараалал, үр дүнгийн л асуудал, бодлогын зүйл.

За тэгээд эцэст нь, Монгол Улс Оюу толгой болон бусад томоохон төслүүдийг дотоодын эрчим хүчээр хангах нь зөв үү, буруу юу? Эсвэл энэ чигээрээ 100% өмнөд хөршөөс худалдан авсаар бай гээд байгаа юм уу? Салбарын инженерүүд, сайдын дэргэдэх Бодлогын зөвлөлийн гишүүд хэнийг ч ирсэн ярилцаж, тайлбарлахад бэлэн сууж л байгаа шүү. Уулзахгүй хэрнээ мушгиад байгаа нөхөд амин хувийн сонирхол, улс төрийн жижиг амбицаа дараад улс орноо бодмоор байна.

Монгол Улс эрчим хүчээр хараат бус болох ёстой! Үүний төлөө бүхий л арга хэмжээг цаг алдахгүй, үе шаттай хэрэгжүүлнэ! Эцэг өвгөд, эх дэлхийгээс заяасан сэргээгдэх, нүүрс болон бусад эрчим хүчний нөөцөө арчаагүй царайлж алдалгүй ашиглах, эрчим хүч болгон хөгжлийнхөө суурь болгох нь эргэлзээгүй хийх бодлого. Гацаагчдад гацаах шалтаг, үгүйсгэх үг мундахгүй биз, гэхдээ одоо болсон. Монгол Улс гацаагчдын тоглоом байх ёсгүй. Эрчим хүчний станцууд, нар, салхи, усан, усан цэнэгт, нүүрсний эх үүсгүүр барих төслүүдээ тууштай явуулна, Монгол Улс эрчим хүчний хараат бус болно оо" хэмээжээ.

С.Амарсайхан гаршуулан өсгөсөн хоёр нохойгоо Хар тамхитай тэмцэх албанд өгчээ
С.Амарсайхан гаршуулан өсгөсөн хоёр нохойгоо Хар тамхитай тэмцэх албанд өгчээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.