Монгол, ОХУ төмөр замын баруун коридорын ажлын хэсэг байгуулна
 

Монгол, ОХУ төмөр замын баруун коридорын ажлын хэсэг байгуулна

Монгол, ОХУ хамтран Орос-Монгол-Хятадыг холбох баруун төмөр замын коридорын зураг төсөл болон санхүүжилтийн нөхцөлийг эцэслэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ. Ажлын хэсэгт Хятадын төлөөлөгчдийг мөн оролцуулах юм байна. Энэ тухай Шадар сайд Н.Номтойбаяр, ОХУ-ын Шадар сайд Алексей Оверчук нарын уулзалтын дараа Монголын Засгийн газрын цахим хуудсанд мэдээлжээ.

Тус төсөл нь хоёр улсын удирдагчдын Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтын үеэр өмнө нь хэлэлцэж байсан асуудлын нэг бөгөөд уг төмөр зам нь бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистикийн гол зангилаа болох ёстойг Монголын тал онцолжээ.

Харин ОХУ-ын Шадар сайд Алексей Оверчук хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд худалдаа, эдийн засгийн салбар онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн байна.

Төмөр зам ОХУ-аас Хятадын Шинжаан хүртэл үргэлжилнэ

Монголын эрх баригчид энэ оны 6-р сарын эхээр ОХУ-тай хиллэдэг баруун хойд хилийн боомтоос Хятадтай хиллэх баруун хойд хилийн боомт хүртэл төмөр зам байгуулах саналыг дэвшүүлсэн байна. Энэхүү төслийг Евразийн эдийн засгийн холбоо болон БНХАУ-тай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төлөвлөж буй төмөр замын коридор нь:

ОХУ-ын Тува → Монголын Увс аймаг → Арцсуурь боомт → Ховд аймгийн Булган боомт → Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Такешикэн боомт гэсэн чиглэлээр Орос, Монгол, Хятадыг холбох юм.

Хятадын тал уг санаачилгыг эерэгээр хүлээн авсан байна. Учир нь төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь тус улсын ойрын таван жилийн хөгжлийн төлөвлөгөөний нэг хэсэг аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх энэ төслийн талаар есдүгээр сарын эхээр ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцсан байна.

Орос-Монгол-Хятадыг холбох хоёр дахь төмөр замын коридор

ОХУ, Монгол, Хятад улс одоогоор гурван улсыг холбох өөр нэг төмөр замын коридорын төслийг хэрэгжүүлж байгаа.

Уг коридор нь Монголын хамгийн том хилийн боомт болох Алтанбулаг боомтоос эхэлж, Монголын зүүн өмнөд хил дэх Замын-Үүд боомт хүртэл үргэлжлэх юм.

Алтанбулаг нь ОХУ-ын Буриадтай хиллэдэг бол Замын-Үүд нь БНХАУ-тай хиллэдэг.

Энэхүү төмөр замын бүтээн байгуулалт нь ОХУ-аас Монгол Улсаар дамжин БНХАУ-тай холбогдох эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд уг хөтөлбөрийг 2031 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Монголын эрх баригчид энэ оны гуравдугаар сард гурван улсын хамтарсан техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг дөрөвдүгээр сард дуусгаж магадгүй гэж мэдээлж байсан боловч түүнээс хойш уг үйл явцын талаар шинэ мэдээлэл гараагүй байна.

Эх сурвалж: Interfax

Н.УКА

Кранаар өргөгдсөн Н.УЧРАЛ
Кранаар өргөгдсөн Н.УЧРАЛ
 
И.Томоког эрх бүхий байгууллагаас АЛБАДАН гаргах шийдвэр гаргаагүй
И.Томоког эрх бүхий байгууллагаас АЛБАДАН гаргах шийдвэр гаргаагүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.