/2022.08.10/: Судлаачид Хятадад шинээр илэрсэн вирусыг судалж эхэлсэн бөгөөд одоогоор уг вирусээр халдварласан 35 тохиолдол бүртгэгдээд байна.
Langya henipavirus (LayV) нь 2018 оны сүүлээр зүүн хойд нутгийн Шаньдун, Хэнань мужуудад анх илэрсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногт эрдэмтэд албан ёсоор баталгаажуулсан байна.
Вирус нь амьтнаас хүнд дамжсан байх магадлалтай гэж эрдэмтэд мэдэгдсэн бөгөөд Тайванийн Эрүүл мэндийн байгууллага одоо тархалтыг судалж байгаа аж. Судлаачид амьтдад судалгаа хийхэд ямаа болон нохойноос уг вирус илэрсэн байна.
Вирусын талаар анхны судалгааг өнгөрсөн долоо хоногт New England Journal of Medicine (NEJM) сэтгүүлд Хятад, Сингапур, Австралийн эрдэмтэд нийтэлсэн байна.
Вирусээр халдварласан тохиолдолд халуурах, ядрах, ханиалгах, хоолны дуршил буурах, булчин өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Эрдэмтдийн хэлснээр халдвар авсан бүх хүмүүс халуурч байсан байна. Вирусээр халдварласан 35 хүний 26-д нь энэхүү шинж тэмдэг илэрчээ.
Өнөөдрийг хүртэл LayV-ээс нас барсан тохиолдол гараагүй байна.
Судлаачид одоогоор энэхүү вирусыг хүнээс хүнд дамжих эрсдэлтэй эсэхийг тогтоогоогүй байгаа аж. Халдварласан 35 тохиолдлын дийлэнх нь тариаланчид байсан бөгөөд халдвар авсан бусад хүмүүс нь үйлдвэрийн ажилчид байна. "Өвчтөнүүдийн ойрын хавьтлаас LayV вирус илрээгүй ч түүврийн судалгаа авсан хүмүүсийн тоо хүнээс хүнд дамжих боломжтой эсэхийг тодорхойлоход хэтэрхий бага байсан" гэжээ.
Эрдэмтэд LayV геномын дарааллыг тогтооход Хендра вирус, Нипах вирусыг агуулсан зоонозын РНХ вирусын ангилалд багтдаг генипавирус болохыг тогтоожээ. Морь болон хүмүүсийг өвчлүүлдэг Австралиас гаралтай Хендра вирус болон зүүн өмнөд Азид өвчний дэгдэлт үүсгэсэн Нипах вирус зэрэг нь нас баралтын түвшин өндөртэй юм.
Эх сурвалж: Theguardian