Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн ТӨСЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУД
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн ТӨСЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУД

Гэрэл зургийг Хууль зүй Дотоод хэргийн яамны пэйж хуудаснаас авч ашиглав.

/2024.11.3/ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Хууль зүй дотоод хэргийн яамнаас боловсруулж, өнгөрөгч аравдугаар сарын 30-ны өдөр анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэгт Хэвлэл мэдээллийн салбарын удирдах ажилтнууд оролцсон юм.

Хууль зүйн сайд О.Алтангэрэлийн мэдээлснээр энэхүү төслийг арваннэгдүгээр сард өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг ийнхүү дөрөв дэх удаагаа хэлэлцүүлэхээр болж байна. Өмнө нь, 2011 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн санаачилгаар төслийг боловсруулсан боловч 2013 онд “Салбартай нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй” гэх шалтгаанаар буцаан татсан юм. Харин 2014 онд УИХ-ын гишүүдээс боловсруулсан хуулийн төслийг 2016 онд парламентийн бүрэн эрхийн хугацаа дууссан, мөн салбартай ойлголцолд хүрч чадаагүй шалтгаанаар хэлэлцээгүй. 2018 онд Засгийн газраас хуулийн төслийг боловсруулсан боловч мөн салбартай нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй тул өргөн барьж чадаагүй.

Энэ удаад хуулийн төслийг хэлэлцэн батлах цаг хугацааны тохироо нь бүрдсэн хэмээн үзэж буйгаа сайд О.Алтангэрэл өгүүлж байв.

Хуулийн төсөл нь 6 бүлэг 18 зүйлтэй. Ингээд одоо хэрэгжиж буй хуульд тусгагдаагүй, шинэлэг, онцлог заалтуудыг хүргэж байна.

ТОДОРХОЙЛОЛТУУД

Хуулийн төслийн нэр томъёоны тодорхойлолт хэсэгт сэтгүүлч, сэтгүүлзүйн үйл ажиллагаа, худал мэдээлэл, илт худал мэдээлэл, хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын редакц, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эх сурвалж, эх сурвалж нуууцлах эрх зэргийг тайлбарлажээ. Тухайлбал,

Сэтгүүлч гэж гэж олон нийтийн эрх ашиг сонирхлын төлөө мэдээ, мэдээлэл бэлтгэх, цуглуулах, засварлах, нягтлах, агуулга бүтээх зэрэг чиг үүргийг тодорхой хэвлэл мэдээллийн байгууллагын редакцид хамааран орон тооны болон орон тооны бус байдлаар гүйцэтгэж байгаа редакцын эрхлэгч, сурвалжлагч, зураглаач, фото сурвалжлагч, тоймч, тайлбарлагч, мэдээний найруулагч, хөтлөгч, эвлүүлэгч зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд эсхүл бие даан цахим болон бусад орчинд өөрөө хэвлэн нийтлэгч хэлбэрээр сэтгүүлзүйн үйл ажиллагааны гүйцэтгэж байгаа хүнийг хэлнэ гэжээ.

Энэ тодорхойлолтод мэргэжлийн сэтгүүлчдийг цахим орчинд хэвлэн нийтлэгчтэй буюу фэйсбүүкчид, жиргээчидтэй нэг “малгайд” оруулан тодорхойлсныг удирдах ажилтнууд шүүмжилж байв.

Харин сайд О.Алтангэрэл энэ хүмүүсийн нийтэлсэн пост, жиргээ нь зарим тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээс давсан тоогоор олон нийтэд хүрдэг ч аль ч хуулиар зохицуулагдахгүй байгаа тухайн сошиал хэрэглэгчдийг сэтгүүлчидтэй адилаар хариуцлагажуулах, үүрэгжүүлэх нэг боломж хэмээн тайлбарласан.

Редакцыг тодорхойлохдоо биет, материаллаг зүйлс дээр суурилаагүй нь давуу талтай байсныг нь дурьдах нь зүй.

ЗАСГИЙН ГАЗАР ДЭРГЭДЭЭ ГАДААД СУРТАЛЧИЛГАА ХИЙХ
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ БАЙЖ БОЛНО

Одоо хэрэгжиж буй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” хэмээн заасан байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар төрийн бүх байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн томоохон үйл ажиллагаа явуулдаг газар, албадыг байгуулсан. Эдгээр нь нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлага, мэдээ гээд сэтгүүлзүйн бүх үйл ажиллагааг хийж зураглаач, зурагчин, сэтгүүлч гээд олон арван хүнийг ажлын байраар хангадаг.

Ингэснээр хэвлэл мэдээллийн салбарыг хүний нөөцийн хямралд оруулж, төртэй хувийн байгууллагууд өрсөлдөж ажиллах ямар ч боломжгүйд хүргэж байгаа юм. Энэ нь хууль зөрчиж байгааг сануулахад “Төрийн байгууллага тусдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулаагүй, харин дотоод үйл ажиллагааны нэг хэсэг буюу газар, албад нь юм” хэмээх тайлбарыг тавьдаг.

Өөрөөр хэлбэл, төр өөрөө агуулга боловсруулан түгээгч болж, сэтгүүлчдийн үйл ажиллагааг бүдэгрүүлж, хэвлэл мэдээллийн салбарыг хүчгүйдүүлж байна.

Тэгвэл хуулийн төсөлд “Төр хэвлэл мэдээллийн хэрэгслийн агуулгат хяналт тавихгүй, хяналт тавих албан тушаал бий болгохгүй, төрийн байгууллага өөрийн үйл ажиллагаагаа тусгайлан сурталчлуулах, үнэ төлбөргүй мэдээ, мэдээлэл нэвтрүүлэхийг шаардахыг хориглоно” зэрэг заалтууд оруулжээ.

Үүний зэрэгцээ “Засгийн газар нь Монгол Улсын тухай мэдээллийг олон улсад түгээх, сурталчлах зорилго бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болно. Энэ хэсэгт заасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь арилжааны үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд нэгээс илүүгүй байна” хэмээжээ. Энэ заалтад буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол МОНЦАМЭ агентлаг. Засгийн газрын харъяанд байсан тус байгууллагыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгчийн тамгын газарт шилжүүлсэн юм.

Тэгэхээр энэ заалт хэвээр батлагдвал Ерөнхийлөгч болон Засгийн газар гэсэн хоёр том засаглал дэргэдээ хэвлэл мэдээллийн агентлагуудтай болох нь гэх хардлага байна. Төр хэвлэл мэдээлэл, агуулгатай хэт ойр байх нь тархи угаалтын том машин болдгийг сануулахад илүүц биз ээ.

Тиймээс хэлэлцүүлэгт оролцсон хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах ажилтнууд төр дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг бүрмөсөн хориглох, тэр ч бүү хэл одоо байгаа газар, албадуудыг ч цөөлөх, үйл ажиллагааг нь хумих шаардлагатай байгааг илэрхийлж байлаа.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА
ИЛ БОЛГОНО

Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг компани хэлбэрийн зохион байгуулалтад (одоо байгаа нь ТББ болон компани) байх талаар заажээ. Мөн дараах мэдээллийг олон нийтэд ил тод зарлахыг заажээ. Үүнд:

  • хуулийн этгээдийн нэр, таван хувиас дээш хувийн хувьцаа эзэмшигчийн нэр, эзэмшиж байгаа хувьцааны тоо;
  • хэвлэл мэдээллийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл;
  • редакцын нийтлэлийн бодлого;
  • холбоо барих мэдээлэл (редакцын хаяг, утас, цахим шуудангийн хаяг).
  • санхүүгийн тайлан нь олон нийтэд нээлттэй байна гэжээ.

Хэлэлцүүлэгт оролцсон зарим төлөөлөгч санхүүгийн тайлангаа ил байлгах шаардлагагүй гэж үзэж байсан бол зарим нь хэрэв энэ тайлан ил байвал санхүүжүүлэгч болон санхүүжигч хоёр тал хоёул олон нийтэд нээлттэй болох давуу талтай гэж байв.

Мөн нэг хүн, хуулийн этгээд хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшихийг хязгаарлаж болно гэжээ.

ЭХ СУРВАЛЖАА НУУЦЛАХ

Сэтгүүлч эх сурвалж нууцлах эрхийг зааж өгсөн байна. Мөн төрийн байгууллага, албан тушаалтан сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглохоор заасан байна.

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ

Худал мэдээллийн заалтыг энэхүү хуулийн төслөөс авахыг хэлэлцүүлэгт оролцогчид сануулж байв. Харин Хууль зүй Дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Эрүүгийн хуульд тусгасан худал мэдээллийн заалт нь хэт ерөнхий байгаа тул ийнхүү оруулж өгснөөр санаатай, илт худал мэдээллээс ялгах, Эрүүгийн хуулиар шийтгүүлэхгүй байх боломж бүрдэнэ хэмээж байв.

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд “Чингис хаан” одон хүртээлээ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд “Чингис хаан” одон хүртээлээ
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.