/2024.11.02/
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр хэлэхдээ: Хүн төрөлхтөний эв нэгдэл, хөгжил дэвшил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд болон дэлхий дахинд Монгол Улсыг сурталчлан таниулах, манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, дотоод гадаадын төр, нийгмийн зүтгэлтэн, иргэдэд “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг соёрхдог болохыг онцолсон юм.
Түүнчлэн "Хүн төрөлхтөний хөтөч болсон Тогтвортой хөгжлийн зорилгууд болон Парисын хэлэлцээрийг батлахад улс орнуудыг манлайлан, нэгдсэн зөвшилцөлд хүргэж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх хийгээд Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг тань өндрөөр үнэлж, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээн, алдаршуулж байна" гэв.