\2024.10.23\
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн сайд Б.Жавхлан төслийн талаар танилцуулав.
Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих татвар, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, авлигыг бууруулж, хүний эрх, засаглалыг сайжруулах зэрэг эрх зүйн 14 реформыг хийж, эдийн засгийн суурийг тэлж, хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлнэ гэлээ.
Ирэх 2025 он нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гараа болох тул төсвийг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, орон нутаг бие даан хөгжихөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс ялгаатай хэмээн Сангийн сайд дурдав. Шинэ 30 жилийн хөгжлийн суурийг тавих томоохон төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн 2025 оны төсвийн бодлогын гурван онцлогийг тэрбээр танилцуулав.
Анх удаа бүсчилсэн хөгжлийг бүрэн дэмжсэн төсөв болж буйгаараа онцлог аж. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг 23 жилийн дараа шинэчилж, газар түүний баялаг, түүхий эдийн нөөцийг оновчтой ашиглан, хүн ам, үйлдвэрлэлийн төвлөрлийг задалж, хот хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг бүс нутгийн тэнцвэргүй байдлыг багасган хөгжлийн түвшинг ойртуулж, эдийн засаг нийгмийн хөгжлийг түргэтгэх зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтыг бүсчилсэн хөгжлийг дэмжих, эдийн засгийн интеграцчилал бий болгоход шаардагдах нэн тэргүүний дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлжээ.
Урьд нь хөрөнгө оруулалтыг аймаг, сумдаар жижиглэж төлөвлөдөг байсан бол 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтыг бүс нутгуудыг хөгжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүсүүдэд бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулалт татах дэд бүтцийн томоохон төслүүдэд чиглүүлсэн хэмээн Б.Жавхлан сайд танилцуулав. Үүний үр дүнд 2028 онд Монгол Улсын хатуу хучилттай авто зам 4.440 км-ээр нэмэгдэх бол эрчим хүчний салбарт 1.650.9 МВт цахилгаан, дулааны эх үүсвэр шинээр бий болж, 1.519 км цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж. Эдгээр бүтээн байгуулалтаас гадна нийгмийн салбарын төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 93 сургууль, 67 цэцэрлэг, 37 эмнэлэг, 22 дотуур байр болон соёл, спорт чиглэлийн 60, нийгмийн хамгааллын 17 төслийг ашиглалтад оруулна гэлээ.
Хоёрдугаарт, хувийн хэвшлийн оролцоог татварын бодлогоор дэмжихээрээ онцлогтой юм байна. Бүсчилсэн хөгжлийг дан ганц хөрөнгө оруулалтаар улсаас шийдэх боломжгүй хэмээн үзэж, бүс нутгийн эдийн засгийн идэвхжилийг дэмжих бүсийн татварын ялгаатай бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд 20 гаруй нэр төрлийн татварыг бүсийн онцлогоос хамааран ялгаатай тогтоох боломж бүрдэж, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, бүс бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх боломж бүрдэх аж. Түүнчлэн, бүсчилсэн хөгжлийн зорилтод нийцсэн томоохон бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн оролцоог урамшуулан идэвхжүүлэх бодлого баримталж, томоохон төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт хийхийг уриалан дэмжсэн татварын цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Гуравдугаарт, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхээрээ онцлогтой гэв. Нийслэл хотод сүүлийн 30 жилд нийтдээ 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол ирэх дөрвөн жилд нийтдээ 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Түгжрэл, орчны бохирдол зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор 2025 оны төсвийн төсөлд нийслэлд анх удаа 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тусгажээ. Ингэснээр төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх орчин нөхцөл бүрдэж, авто замын түгжрэл бодитой буурна хэмээн тооцсон байна.
Энэ хүрээнд “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийн мега төслүүдийг Засгийн газрын өрийн баталгаа гаргах хэлбэрээр, Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төсөл, Туул хурдны зам, Шинэ их тойруу хурдны зам, Шинэ тойрог авто замын төслүүдийг нийслэлийн эх үүсвэр болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Сангийн сайд танилцууллаа. Эдгээр арга хэмжээний үр дүнд агаарын бохирдол 22 орчим хувиар буурч, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, түгжрэлийн асуудал шийдэгдэнэ хэмээн тооцсон байна. Түүнчлэн, 37 мянган айлын орон сууц барих дэд бүтцийг бий болгосноор ажлын байр нэмэгдэж, хувийн хэвшил бизнесийн орчин сайжрах ач холбогдолтой гэлээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд туссан дээрх бодлогыг хэрэгжүүлснээр ирэх онд 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлт 32.8 тэрбум ам.долларт, эдийн засгийн өсөлт 8.0 хувьд хүрч, нэгдсэн төсвийн нийт орлого 36.8 их наяд төгрөг болох тооцооллыг гаргасан байна.
Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Төсөлд Эдийн засгийн байнгын хороонд хамаарах Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын төсвийг 312.3 тэрбум төгрөг, Санхүүгийн зохицуулах хорооны даргын төсвийг 22.4 тэрбум төгрөг, Үндэсний статистикийн хорооны даргын төсвийг 36.9 тэрбум төгрөг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын төсвийг 494.3 тэрбум төгрөг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын төсвийг 70.8 тэрбум төгрөг, Зам, тээврийн сайдын төсвийг 1,645.6 тэрбум төгрөг, Эрчим хүчний сайдын төсвийг 315.2 тэрбум төгрөг, Монгол Улсын Шадар сайдын төсвийг 412.3 тэрбум төгрөг, Монгол Улсын Шадар сайдын төсвийг 8.6 тэрбум төгрөг, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын төсвийг 15.9 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөжээ.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулсан харьцуулалтын талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням дэлгэрэнгүй танилцуулсан юм. Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэж дүгнэжээ.
Хуралдаанд оролцож буй гишүүд Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авсан. Төсвийн төсөл дэх урсгал зардал нэмэгдсэн шалтгааны талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, Р.Батболд нар тодруулж, Сангийн сайд хариулахдаа төсвийн урсгал зардал нь хөрөнгө оруулалтаас шууд хамаардаг гэдгийг дурдаад “Аль болох урсгал зардлыг бууруулах, хүний оролцоог багасгах, цахимжуулах, ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох чиглэлээр төсвийн шинэчлэлүүдийг сүүлийн жилүүдэд хийж байгаа. 2025 оны төсвийн зардлын нэмэгдэл нь 5.3 их наяд төгрөг байгаа. Үүний 1.7 их наяд төгрөг нь хөрөнгийн зардал бол 3.5 их наяд төгрөгийн 70 хувь нь хүн амын статистик өсөлт, тариф, инфляцын өсөлттэй холбоотой. Үлдсэн 30 хувь нь хууль тогтоомжийн өөрчлөлтөөс үүдсэн, хэрэгжилтийг хангах хүрээний зардал. 14 орчим хувийн зардлын өсөлт нь “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян” зэрэг үндэсний хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах урсгал зардал” гэв. Төсвийн бодлогын үр дүнд бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор нэмэгдэж байх шаардлагын талаар Ч.Лодойсамбуу гишүүн байр сууриа илэрхийлсэн.
Төсвийн зардлын өсөлт хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хэрхэн нөлөөлөх талаар болон эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлөх шилжилтийн зардалын хуваарилалтын талаар Б.Жаргалан гишүүн асуулаа. Төсвийн зарцуулалт бүр эцсийн дүндээ хувийн хэвшилд, аж ахуйн нэгжүүдэд хүрдэг гэдэг тайлбарыг Б.Жавхлан сайд хийгээд төсөлд тусгагдсан төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцтай уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхтэй холбоотой зардлын талаар дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл өгсөн юм. 2024 оны төсвийн тодотголд эрчим хүчний салбарт 131.4 тэрбум төгрөг тусгаж баталсан. Үүнийг үнэ тариф нэмэгдэх хүртэл бэлэн мөнгөний урсгалын дутагдалд орсон, санхүүгийн их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа нөхцөлд нүүрсний уурхайнуудын аваарын нөөц бэлтгэх, уурхайнуудын өр, авлагыг барагдуулах зэрэг өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд зарцуулсан гэдэг хариултыг салбарын яамнаас өгсөн. Ирэх оны төсвийн төсөлд эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэний дараа үүсэх нөлөөллийг арилгах зорилгоор 50 тэрбум төгрөг тусгасан гэв. Бүтээмжийг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг бууруулах тооцооллыг улсын төсвийн төсөлд тусгаж байх саналыг Л.Соронзонболд гишүүн хэлээд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын төсвийн төсөлтэй холбоотой тодруулга хийсэн юм.
Төсвийн зардлыг бууруулахын тулд орон нутгийн засаг захиргааны нэгжийг шинэчлэн зохион байгуулах, мөн төрийн зарим байгууллагад бүтцийн хэмнэлт хийх боломжтой гэдэг саналыг Н.Батсүмбэрэл гишүүн хэлж байв. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд энэ асуудлыг судалж, тусгасан гэдэг хариултыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга өгсөн. Төрийн байгууллагын бүтцийн өөрчлөлтийг холбогдох хуульд өөрчлөлт оруулах замаар хийх боломжтой гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Г.Лувсанжамц гишүүн төсөл, хөтөлбөрүүдийг үр ашгаар нь эрэмбэлж, дунд хугацаандаа төсөвлөдөг болох санал гаргаж, төсөл дэх зарим арга хэмжээ, төлөвлөлтийн талаар ажлын хэсгээс тайлбар авсан юм.
О.Цогтгэрэл гишүүн төсвөөс гадуур зарцуулагдаж байгаа хөрөнгийн урсгалын талаар хөндөж, үүнтэй холбогдуулан бодлогын зөвлөмж гаргаж, арга хэмжээ авсан эсэх талаар Үндэсний аудитын газраас тодруулж, хариулт авсан бол Б.Найдалаа гишүүн төсвийн төлөвлөлттэй холбоотой асуудлаар тодруулга хийж, байр сууриа илэрхийлсэн.
Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны гишүүд төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан, шийдвэрлэв. Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.