/2024.04.15/: Улсын Их Хурлын 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр 16 цаг 44 минутад эхэллээ.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг даргалав.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн “Түр хорооны бүрэлдэхүүн” хэмээх 34 дүгээр зүйлийн 34.4-т “Улсын Их Хурлын гишүүний өмнөх, эсхүл одоогийн үйл ажиллагаа нь тусгай шалгах тухайн асуудалтай холбоотой бол уг гишүүнийг түр хорооны бүрэлдэхүүнд оруулахыг хориглоно” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд хянан шалгах түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарт хамаарах үйл ажиллагаа эрхэлдэг эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ мэдүүлээ. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг нар ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн тул хуралдаан үргэлжлэв.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн “Түр хорооны бүрэлдэхүүн” хэмээх 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно...” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагийг нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Тус саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн санал нэгтэйгээр дэмжснээр холбогдох тогтоол батлагдав.
Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг ажиллахаар боллоо.
Эх сурвалж: УИХ