“МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд үүнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Улсын Их Хурал батлахаар заасан гурван журмын төсөл багтжээ. Улсын Их Хурал батлахаар заасан дээрх журмуудаас “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ыг 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр баталсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдоор ахлуулан байгуулсан бөгөөд Ажлын хэсэг 2024 оны 4 дүгээр сарын 02, 4 дүгээр сарын 03-ны өдрүүдэд хуралдан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”-ын төсөлтэй холбогдуулан 22 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн хэмээн тус ажлын ахлагч Г.Ганболд танилцууллаа.

Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол дараах хүрээг хамарчээ. Үүнд:

  1. Тогтоолын төслийн 2 дахь заалт буюу дагаж мөрдөх хугацааг хасаж, тогтоол ердийн журмаар хүчин төгөлдөр болох;
  2. Тогтоолын хавсралтын нэр томьёоны тодорхойлолт хэсэгт “нэгжийг шилжүүлэх” гэсэн нэр томьёог нэмж тусган, нэгжийн өөрчлөлтийн төслийн баримт бичигт тухайн өөрчлөлтөд хамрагдаж байгаа нэгжийн одоогийн болон өөрчлөлтийн дараах нөхцөл байдлыг тусгасан байхаар тодруулах;
  3. Тогтоолын хавсралтын “Нийтлэг үндэслэл” хэсэгт энэ журмаар зохицуулах харилцаатай холбогдох заалтуудыг нэгтгэн томьёолж, төслийн хавсралтын бусад заалт, дэд заалтыг нийцүүлэн өөрчлөх;
  4. Нэгжийн өөрчлөлтийн талаарх төсөл боловсруулахад иргэдэд зориулсан төрийн болон орон нутгийн ажил, үйлчилгээний чанар, хүртээмж өмнөх түвшнээс дээшилсэн байх;
  5. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын хавсралтаар батлах төслийн баримт бичигт тусгагдах үндсэн мэдээлэл, иргэдээс санал авах саналын хуудасны загварт өөрчлөлт оруулж, журмын холбогдох заалтад нэмж тусгах;
  6. Нэгжийн өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэгт тухайн нэгжийн төлөөлөл оролцох агуулгыг тодруулж, өөрчлөлтөд хамрагдах нэгжийн Засаг даргын Тамгын газрын төлөөллийг оролцуулах;
  7. Сум, дүүргийн хувьд 3 сар, аймгийн хувьд 6 сарын хугацаанд багтаан иргэдэд мэдээлэх, танилцуулах, оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн шинжилгээ хийх, иргэдээс санал авах, дүнг нэгтгэн мэдээлэх ажлыг зохион байгуулахаар төсөлд тусгасан бөгөөд тус 3 сар, 6 сарын хугацааг ажлын хэсэг нэгжийн өөрчлөлтийн төслийн баримт бичгийг боловсруулан хүлээлгэн өгсөнөөс хойш тооцохоор тодруулах;
  8. Аймгийн өөрчлөх асуудлаар санал хураалт явуулах өдөр, цагийг Засгийн газар, сум, дүүргийг өөрчлөх асуудлаар санал хураалт явуулах өдөр, цагийг аймаг, нийсэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал товлон зарлах, саналыг нууцаар авах;
  9. Өөрчлөлтөд нэг, эсхүл хоёр ба түүнээс олон нэгж хамрагдах тохиолдолд тухайн өөрчлөлтөд хамрагдаж байгаа нэгжүүдийн санал хураалтад оролцсон нийт иргэдийн олонх дэмжсэн саналыг хүчинтэйд тооцох хүрээнд зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дараа нь Хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаарх Төрийн албан зөвлөлийн 2023 оны тайланг хэлэлцэв.

Тайланг Төрийн албаны зөвлөлийн дарга Х.Цэдэвсүрэн танилцуулсан.

Өдгөө 4239 төрийн байгууллагад 226.496 албан хаагч ажиллаж байгаа бөгөөд 2022 оны тоотой харьцуулбал төрийн албан хаагчдын тоо 0.6 хувиар өсчээ. Төрийн улс төрийн, төрийн үйлчилгээний, төрийн тусгай албан тушаалд ажиллах албан хаагчдын тоо тодорхой хувь хэмжээгээрч өсч, төрийн захиргааны албан хаагчдын тоо 1.8 хувиар буурсан байна. Нийт төрийн албан хаагчдын 7.3 хувь нь удирдах, 78.9 хувь нь гүйцэтгэх, 13.6 хувь нь туслах ажилтнууд байгаа бөгөөд 2022 онтой харьцуулахад туслах ажилтны тоо эрс одоо буусан үзүүлэлттэй байгаа аж. 2022 онд төрийн албан хаагчийн дундаж нас 40.1 сар байсан бол 2023 оны тоо бүртгэлээр 38.6 болжээ. Төрийн албан хаагчдын 60 гаруй хувь нь магистр, бакалаврын түвшний албан хаагчид эзэлж байгаа аж.

Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны сонгон шалгаруулалттай холбоотой таван журмыг нэгтгэн нэг болгосон байна. 2022 онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орсноор ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа авдаг болсон хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга мэдээлэв. Ингэснээр иргэдийн төрийн албанд орох идэвх сонирхлыг нь нэмэгдүүлэх, шалгалт хоорондын хугацааны уян хатан зохицуулалтыг хангах, төрийн байгууллагуудад үүсээд байгаа сул орон тоог нөхөхөд нэлээн ийм ахиц гаргасан гэж дүгнэж байгаа аж. 2023 онд нийт 4 удаагийн нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад 12.683 хүн орж 41 хувь нь тэнцсэн ч 38.3 хувь нь төрийн байгууллагад ажилд орсон байна. Тиймээс цаашид нөөцөд байгаа иргэдийг төрийн албанд орох боломжийг нь нээж өгөх арга хэмжээг авах нь зүйтэй байна хэмээлээ. 2023 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн албанд ажиллах нөхцөл боломжийг нь нээх зорилгоор хөнгөрүүлснээр нийт 14 хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэнцжээ.

2023 онд төрийн байгууллагуудаас Төрийн албаны зөвлөлд хандаж 10.372 сул ажлын байрны захиалгыг ирүүлсэн байна. Түүний дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 4326 албан тушаалд тэнцсэн хамгийн өндөр оноотой иргэдийг нэр дэвшүүлжээ. Мөн онд төрийн үйлчилгээний байгууллагуудын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтын зохион байгуулж, 431 албан тушаалын орон тооны нөхөлтийг хийжээ.

2023 онд Төрийн албаны зөвлөл төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, иргэдийн өргөдөл гомдлын дагуу 267 байгууллагын 4935 төрийн жинхэнэ албан хаагчийг хамруулсан шалгалтыг зохион байгуулжээ. Төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхэд шалгалт хийн 476 хууль зөрчсөн томилгоотой холбоотой тодорхой шийдвэрийг гаргуулжээ. Хяналт шалгалт хийж байх явцад томилох эрх бүхий этгээд 185 зөрчлийг шуурхай арилгажээ.

Төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар халсан 201 шүүхийн шийдвэрийг албан ёсны бүртгэлд хамруулж, 135 одоо албан тушаалтанд хамаарах 1.8 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хохирлыг бүртгэлдээ оруулж, хохирлыг буруутай албан тушаалтнаар нь төлүүлэх ажлыг хийжээ. Шалгалтын явцад 10 албан тушаалтан 103 сая төгрөгийг улсын төсөвт тушааж, зөрчлөө арилгасан байна. 2023 онд нийт 253.6 сая төгрөгийг буруутай этгээдээр нь улсын төсөвт буцааж төлүүлэх арга хэмжээг авсан бөгөөд үлдсэнийг нь үе шаттай бас төлүүлэх ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран зохион байгуулж байна гэсэн мэдээлэл өгсөн.

Тэрбээр төрийн албаны чадахуйн зөрчмын хэрэгжилт, мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэх ажлуудыг хэрхэн хэрэгжүүлж буй талаар, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, төрийн албаны цахим мэдээллийн сангийн баяжуулалт болон бусад хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцуулсан юм.

Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд хууль тогтоомжид заасны дагуу үнэлгээ хийн тогтвортой мөрдөх, төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-аас баталсан журам, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна хэмээсэн. Мөн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, хувь хүний мэдлэг, ур чадвар, зан үйлд суурилсан “Ур чадварын хүрээ”-г тодорхойлох, төрийн албаны шалгалтын сорил, даалгавар, ярилцлагын санг боловсруулж байнгын баяжилт хийж байх бие даасан “Ур чадварын үнэлгээний төв”-тэй болох шаардлага тулгарч байгааг харгалзан Ур чадварын үнэлгээний төв байгуулах нь зүйтэй байна гэлээ.

Төрийн албаны зөвлөлийн тайланд УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газраас хяналт шалгалт хийсэн бөгөөд гаргасан зөвлөмжийг тус газрын дарга Г.Ганболд танилцуулсан юм.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Энхболд нар төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулсан ч 6056 сул орон тоо нөхөгдөөгүй нь ямар шалтгаантай вэ хэмээн лавласан. Иргэд төрийн албыг сонирхохгүй байна уу, цалин хангамжтай холбоотой юу, эсвэл шалгуур өндөр байна уу хэмээн тодруулсан.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Төрийн албаны сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулаад хүмүүс тэнцлээ ч тухайн албан тушаалд тавигдаж байгаа шаардлагыг хангахгүй тохиолдлууд их байна. Үүнийг хангуулахын тулд төрийн үйлчилгээг төрийн захиргаатай адилтгах, улс төрийн албан тушаалд ажиллаж байгаа, ажиллаж байсан хүмүүсийг төрийн захиргааны албан тушаалд дүйцүүлэхтэй холбоотой хэд хэдэн шийдвэрийг 2023 онд гаргасан. Эдгээр нь нэлээн ахиц дэвшил үзүүлсэн. Мөн сонгон шалгаруулалтын үйл явц тодорхой хэмжээнд хүчингүй болох тохиолдол гарч ирдэг. Сул орон тоо нөхөгдөхгүй байгаагийн гурав дахь гол шалтгаан нь шалгалтанд тэнцээд шалгуур хангасан хүнийг томилохгүй уддагтай холбоотой гэсэн хариултыг өглөө.

Төрийн албаны зөвлөмжийг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооноос санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад албан бичгээр хүргүүлэхээр тогтон Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Эх сурвалж: УИХ

“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.