/2024.04.09/: Монгол Улсын "Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв" ТӨААТҮГ-ийн харьяа "Буянт-Ухаа спортын ордон"-ы менежментийг шинэ түвшинд буюу олон улсын стандартад хүргэх зорилгоор хувийн хэвшилтэй хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
"Буянт-Ухаа спортын ордон" нь 2009 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 5000 хүний суудалтай манай улсын хамгийн том битүү спорт танхим юм. 2022 онд уг байгууламжид дахин их засвар хийснээр зөвхөн спортын арга хэмжээнээс гадна олон төрлийн энтертайнмент арга хэмжээг зохион байгуулах боломж бүрдсэн.
Монгол Улсын Засгийн газраас 2022 онд баталсан 340 дүгээр тогтоолын дагуу төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд "Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв" ТӨААТҮГ-аас зарласан төслийн сонгон шалгаруулалтад "Хүрээ энтертайнмент" ГХОХХК шалгарсан бөгөөд ийнхүү санамж бичгийг байгуулж байна.
Энэ удаагийн санамж бичгийн хүрээнд тус компани нь "Буянт-Ухаа спортын ордон"-д орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг нэмэлтээр суурилуулах, программ хангамж, нарийн мэргэжлийн инженер техникийн ажилчдын хүний нөөцийг бэлтгэх зэргээр бүх төрлийн арга хэмжээний менежмент, маркетинг, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хамтран ажиллах аж.
Талууд ойрын хугацаанд "Хамтын ажиллагааны гэрээ"-г байгуулахыг зорьж байгаа бөгөөд энэ нь ирээдүйд Монгол улсын соёл урлаг, спортын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Эх сурвалж: ҮШББСТ