/2024.04.03/: "Ихбит" ХХК-ийн удирдлагууд болох О.Мөнхжин, Б.Гантиг нарыг цагдаагийн байгууллагаас мөнгө угаасан гэх мэт хэргээр хориод байсан хэдий ч оны өмнө тэднийг сулласан билээ.
Тэгвэл эдгээрт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж дуусан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас “И” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.М, гүйцэтгэх захирал Б.Г нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, нэр бүхий койны үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар койн арилжаалсан, мөнгө угаасан, худал мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлэн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 18.20 дугаар зүйлийн 1 /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.