/2024.03.20/: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүд “Монголын Алт” ХХК-ийн “Евроблок” үйлдвэрийн үйл ажиллагаа, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл болон үйлдвэрлэлийн орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх үйл ажиллагааг зохион байгуулж байгаатай газар дээр нь танилцлаа.
Тус үйлдвэр 2015 онд ашиглалтад орсон ба нийт 249 ажилтантай, 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай ба нэг ээлжинд 60-70 хүн ажилладаг. Европын 10 төрлийн стандартын шаардлага хангасан Евроблокыг хоногт 1100 куб.метр үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат үйлдвэр байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэсэг 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдлэг олгох, үйлдвэрлэлийн ослоос урьчилан сэргийлэх чиглэлээр жил бүр төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлдэг ба 2023 онд ISO 45001:2018, ISO 14001:2015, ISO 9001:2015 стандартуудыг нэвтрүүлсэн байна.
Ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээрх сургалт, зөвлөгөө, зааварчилгааг тогтмолжуулах, мэдээлэл дамжуулах, санал солилцох асуудлыг шуурхай зохион байгуулах хүрээнд гар утасны аппликейшн, QR код зэргийг тогтмол ашиглаж байна. Мөн ажлын байранд дахь аюул, эрсдлийн үнэлгээ, үзлэг, хяналтыг тогтмол хийж, илэрсэн зөрчлийн талаарх шуурхай болон хугацаатай үүрэг өгч, сайжруулан ажиллаж байгаатай танилцав.
Цаашид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үнэдсний хорооны гишүүд болон холбогдох байгууллагуудын төлөөлөл аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын байр, үйл ажиллагаатай танилцан, зөвлөн туслах, санал солилцох болон туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.