/2024.03.05/: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Ойн салбарын үндэсний чуулган “Ой 9+” II чуулган Төрийн ордонд болж байна.
Чуулганаар “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Олон Улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдвээр мэдээлэл өгч, ойн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцэж байна.
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2024 оныг “ОЙН ЖИЛ” болгон зарласан ба уг жилийн хүрээнд дараах асуудлыг шийдсэн, хийх болсныг мэдэгдлээ.
ҮҮНД:
- Ойн агентлаг байгуулагдсан;
- Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга хийх;
- Төсвийн хүртээмжгүй байдлыг шийдвэрлэж салбарын төсвийг 3 дахин нэмэгдүүлэв;
- Ойн хөнөөлт шавжийн тархалтыг зогсоох тэмцлийн ажилд 2023 онд 273 мянган га ойн санд 944,8 сая мод хамгаалсан бол 2024 онд 330 мянган га ойн санд 1,1 тэрбум мод хамгаална;
- Уул уурхайн эвдэрсэн газрыг дүйцүүлэн НӨХӨН СЭРГЭЭЛТ хийлгэнэ гэв.
ТЭРБУМ МОД 1.0 - 2.0 ХОЁР ДАХЬ ШИЛЖИЛТЭД ЮУ ХИЙХ ВЭ…
- Дэлхийн нүүрс төрөгчийн зах зээл /carbon market/-ээр дамжуулж Монгол орны ойн салбараас эдийн засгийн үр өгөөжийг хүртдэг болох;
- Ойн ангийн босоо бүтэц, зохион байгуулалттай болгох;
- Цалин хангамжийг сайжруулах;
- Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого гаргах;
- Хөрөнгө оруулалтыг Сэргээгдэх эрчим хүч, Усан сан бүхий усжуулалтын систем, Механикжуулалт руу хийх болно.
Мөн БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ тэрбум ам.долларын гурав дахь салбар ОЙН САЛБАР байх болно гэдгийг чуулганы индэр дээрээс зарлалаа.
Эх сурвалж: БОАЖЯ