/2024.03.05/: Оном сангийн Эрдэмтдийн баг АНУ-ын Гилеад Сиансес компаний дээд удирдлагын багтай 2023 оны гуравдугаар сард холбогдож Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон Эрүүл мэндийн яамны удирдлагыг холбож хепатитын Д вирүсийн эмчилгээний асуудлыг шийдэх уулзалтыг 2023 оны дөрөвдүгээр сарын 12-нд товлосон.
Харамсалтай нь олон хүний амь настай холбоотой энэ чухал ажлыг өөрсөддөө нааж нэр хүнд олох гэсэн зарим улс төрчдийн явуулгаар биечилсэн уулзалт удаа дараа хойшлогдож, 2023 оны наймдугаар сард цахимаар хийгдсэн. Энэ цахим уулзалтанд Оном сангийн Эрдэмтдийн багийн гишүүдийг оруулаагүй.
Эрүүл мэндийн сайд, ЭМЯ болон УИХ-ын төлөөлөл асуудлыг шийдээд явчих байх гэсэн найдлага талаар болж Монголчууд өөр хоорондоо хэрүүл хийхээс өөр ямар нэг бодит үр дүн гарсангүй.
2023 оны 12 дугаар сарын 15-нд Оном сангийн Эрдэмтдийн багаас УИХ-ын цахим өргөдлийн системд элэгний В/Д вирусын эмчилгээний үнийг хямдруулж, эмчилгээний хүртээмжийг эрс нэмэгдүүлэх шаардлага эхлүүлсэн. Энэ шаардлага нь Монгол Улс дотор болж байгаа нэг нэгнийгээ буруутгаж хэрүүл дээр тос нэмэхээс өөр тус болохгүй нь гарын үсэг цуглуулах явцад тодорхой болсон учраас Оном сангийн Эрдэмтдийн багаас гарын үсэг цуглуулах ажил хүч тавилгүй орхисон.
Үүний оронд 2024 оны нэгдүгээр сарын 03-нд Оном сангийн Эрдэмтдийн баг Эрүүл мэндийн яамнаас тусдаа АНУ-ын Гилеад Сиансес компанийн дээд удирдлагын багтай дахин холбогдож мэдээлэл солилцох, хепатитын В/Д вирүсийн эсрэг эмчилгээний үнийг эрс бууруулж Монгол Улсад нэвтрүүлэх гарцыг хайж эхэлсэн.
Ингээд өчигдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 04-нд Оном сангийн Эрдэмтдийн багийн гишүүд Гилеад Сиансес компанийн хепатитын В/Д вирүсийн эсрэг эмчилгээний асуудлыг хариуцсан багийн гишүүдтэй өргөтгөсөн цахим хурлыг хийлээ. Энэ цахим хурлын үр дүнд хепатитын В/Д вирүсийн эсрэг эмчилгээний асуудлыг шийдэхэд дэвшил гарлаа.
Монгол Улс хепатитын В/Д вирүсийн давхар халдвартай олон мянган хүнд эмчилгээ хийх бэлтгэлээ сайн хийж эхлэх нь зүйтэй. Хепатитын В/Д вирүсийн эсрэг эмчилгээний асуудлыг шийдэхэд гарсан дэвшлийн талаар Оном сан, Элэгний төвийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Дашдоржийн Наранжаргал, Оном сангийн ТУЗ-ийн дарга Шинжлэх ухааны доктор, биофизикч Дашдоржийн Наранбаатар нар 2024 оны гуравдугаар сарын 05-ны 20 цагт олон нийтэд мэдээлэл өгнө.
Эцэст нь Монголчууд бид нэр хүнд олох гэж олон мянган элэг нэгт Монголчуудад маань хэрэгтэй ажлыг хойш таталгүй, хоорондоо хэрэлдээд суугаад байлгүй хамтраад улс орондоо нэн хурцаар тулгамдсан асуудлыг хамгийн чадвартай, мэдлэгтэй хүмүүсээ оролцуулаад шийдээд явахад суралцах хэрэгтэй байна.
Гүнээ хүндэтгэсэн, Оном сангийн ТУЗ-ийн дарга Шинжлэх ухааны доктор, биофизикч Дашдоржийн Наранбаатар